Сүүлийн үед их хэмжээний мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдвэрлэсэн гэх мэдээлэл гарсаар байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор ЦЕГ болон Монголбанк хамтран мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагад 2016 оны эхний 11 сарын байдлаар 259 хуурамч мөнгөн тэмдэгтийн талаар гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 37 материалд шалшалтын ажиллагааг хийж байна.  

Өнөөдрийн байдлаар хэвлэлийн тусгай технологи ашиглан, үйлдвэрийн аргаар хуурамч мөнгөн тэмдэгт хийсэн тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагаас болон хууль сахиулах чиг үүрэг бүхий газрууд тогтмол хяналт тавьж ажиллаж байна.

Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан 2013 оны  А-121/158/360 тоот тушаалаар “Гүйлгээнээс илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийг хүргүүлэх, бүртгэх, хадгалах, устгах” журмын дагуу улсын хэмжээнд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст дээрхи санг бүрдүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой энэ төрлийн гэмт хэргийн талаар дуудлага мэдээллийг 96102102 дугаарын утсаар хүлээн авч баримтжуулан шалгаж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 7845 ширхэг сэрэмжлүүлэг, зурагт хуудас тарааж,  хуурамч мөнгөн тэмдэгтийг шалгаж авах талаарх зөвлөмжийг цагдаагийн байгууллагаас бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд зөвлөгөөг тогтмол  өгч ажилласан.

Хэрвээ Монгол улсын мөнгөн тэмдэгийг хуурамчаар үйлдвэрлэх юм бол  Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн   176 дугаар зүйлд Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах тухай заасан байдаг.

176.1.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

176.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

176.3. Энэ хэргийг зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж  заажээ.

Тиймээс хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллага хандахыг ЦЕГ-аас мэдээллээ.