Монгол улсын иргэдийг Хятадын иргэд залилсан тухай, мөн хятадын иргэдийг  монголчууд залилсан талаарх мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бус гарч байсан бол энэ удаад Монгол улсын газар нутаг дээр хятадын иргэн нутаг нэгтнээ залилсан тухай мэдээллийг өгүүлэх гэж байна.

Нийслэл хотын “Чайна таун” гэж хэлэгдэх 100 айлд төрж өсөн, Монголд дунд сургууль төгссөн ч өдгөө Монгол улсад байнгын орчин суух хаягтай,  бизнесийн бүхий л  үйл ажиллагаа нь манай улсад явагддаг “местний хятад” иргэн  өөрийн нутаг нэгтэй  хятадын иргэнийг  1 тэрбум  гаруй төгрөгөөр залилсан тухай  мэдээлэл  бидэнд ирлээ.

“Хятадын иргэд  нэг нэгнээ залилж, хөрөнгө мөнгөөрөө  хохирох нь  маньд ямар хамаа байх вэ” гэтэл энэ хэрэгөвөг дээсийн булш бунханыг агуулсан  Ноён уулын орчимд уул уурхайн үйл ажиллагаа явуулахтай  холбоотой төдийгүй манай улсын  төр засгийн нэр нөлөө бүхий эрхэмүүд, шүүх цагдаагийн өндөр албан тушаалтнууд үүнд холбоотой байж болзошгүй нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна.

Монголд компани  эрхлэн  үйл ажиллагаагаа явуулдаг БНХАУ-ын иргэн Ян овогт  /Монгол нэр нь Сусу/ гэгч өөрийн нутаг нэгт иргэн Шү овогтод  асар их баялагтай газрын А лиценз худалдана гэснээр  энэ хэрэг эхэлсэн байна. Тэрхүү лиценз нь  Ноён уулын орчимд бөгөөд Сусугийн  Шү–д хэлэхдээ  Ноён уулын орчимд дах тус лиценз нь их хэмжээний алтны нөөцтэй газар хэмээн итгүүлж, лицензээ түүнд 1 тэрбум гаруй төгрөгөөр худалджээ.

Түүгээр зогсохгүй Хятадын иргэн Сусу иргэн Шү овогтыг дагуулан Ноён уулын орчимд очиж үзүүлээд, лицензийн талбай бүхий газарт байгаа модийг тайруулна хэмээн нэмж 100 гаруй сая төгрөг авсан байна. Үнэн хэрэгтээ Монголд олон жил амьдарсан Сусугийн хувьд Ноён уул орчимын газар нь улсын тусгай хамгаалалтай газар учир тус газарт ашигт малтмал олборлолт явуулах боломжгүй гэдгийг анхнаасаа мэдсээр байж нутаг нэгтнээ залилсан бололтой юм.


Нутаг нэгтдээ залилуулсан гэдгээ арай  хожим мэдсэн хятадын иргэн Шү овогт Сусу-д хандан мөнгөө нэхэмжлэхэд тэрбээр: “Ашигт малтмал олборлох үйл ажиллагааг эрхлэн  явуулахын тулд  УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүнд нийтдээ 420 орчим сая төгрөгийг өгсөн” гэжээ.

Бидний сонирхоод байгаа асуудлын гол зангилаа нь нь энд  байгаа юм. Хэрвээ үнэхээр монголд олон жил амьдарсан хятадын иргэн Сусу гэгч  овогт Ноён ууланд  ашигт малтмалын олборлолтын ажил явуулахаар Монголын төрийн өндөр  албан тушаалтнуудад “авлига” өгсөн нь үнэн бол өдгөө УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа дээрх нэр бүхий эрхэмүүд гадаадын иргэнээс их хэмжээний мөнгө авсныхаа төлөө нэн даруй огцрох ёстой.

Харин Сусу худал хэлж,  Монголын төрийн өндөр албан тушаалтнуудыг авлига авсан хэмээн худал ярьж “гүтгэсэн” бол түүнд, ингэснийх нь  төлөө холбогдох хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй. Түүгээр зогсохгүй энэ асуудлын хойно  хууль хяналтын байгууллагад ажилладаг өндөр албан тушаалтан оролцсон гэх мэдээлэл ч бидэнд байна.

Хэрвээ энэ үнэн бол хуулийг хэрэгжүүлэх байгууллагад ажилладаг атлаа Хятадын иргэнийг  өмгөөлж, цагдаа шүүхийн байгууллагад дээрээс нь нөлөөлөхийг оролдож байгаа төрийн өндөр  албан тушаалтныг ч бас холбогдох газраас нэн даруй шалгах хэрэгтэй.

Энэхүү мэдээлэл бидэнд ирсэн даруйд мэдээллийг хоёр талаас нь тэнцвэртэй хүргэх зорилгоор бид БНХАУ-ын иргэн Сусу-д хандсан боловч тэрээр асуудлыг бидэнд тайлбарлахаас татгалзсан төдийгүй өмгөөлөгч гэх монгол хүнээр орчуулагч руу нь яриулан: “Бидний ард том хүмүүс байгаа,  хэвлэл мэдээллийг ч бид барьдаг, аятайхан байхгүй бол дэмий явдал тохиолдоно шүү” хэмээн  айлган сүрдүүлж,  дарамтлахыг оролдсон байна.

БНХАУ-ын иргэн Шү овогт дараагийн удаад дахин ийм дарамт ирвэл Сусугийн ярьсанчлан авлига өгсөн Монгол УИХ-ын гишүүн болон хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтнуудад мөнгө өгсөн тухай хэлж байгаа аудио бичлэгийг олон нийтэд хүргэхээс өөр аргагүй хэмээн бидэнд мэдэгдсэн юм.

Ямартай Монголчууд бид хэдий ядуурсан ч төрийн түшээд нь гадаадын иргэнээс их хэмжээний мөнгө авч, түүнийхээ хариуд  эртнээс нааш өвөг  дээдсийн онго шүтээнийг агуулсан Ноён ууланд лиценз гаргаж өгөх хүртлээ доройтоогүй байлтай.

Монголчууд бидэнд эх орон, газар шороо, үндэсний аюулгүй байдлаас эрхэм зүйл үгүй билээ. Тиймээс бид энэ асуудлыг  эрэн сурвалжилж, үнэн мөнийг иргэд олон нийтэд мэдээлэн ажиллах болно.

 Ц.Мөнх