2016 оны 12 дугаар сарын 17, 18-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 622 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 503 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 1 өртсөн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 101 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

БЗД-ийн нутаг Дарь эхийн замд T.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 0% настай эмэгтэй Н-г мөргөж гэмтээсэн. Мөн СХД-ийн нутаг Баян хошууны зам, Хилчин хотхоны хойд замд H.Porter  маркийн авто машины жолооч Э нь Subary Impreza  маркийн  Э жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч Э гэмтсэн. Subary Impreza  маркийн  Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

Шинэ жилийн баяр болж байгаатайгаар томоохон худалдааны төв болох Нарантуул, Хархорин, Дэнжийн -1000,  Барс, Гранд плаза, 3, 4 дүгээр хороолол орчимд зогсоолын хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Худалдааны төвийн түрээслэгч, ажилчид нь зогсоолдоо  өөрсдийнхөө тээврийн хэрэгслээ байршуулснаас болж  зогсоолын талбай эргэлт байхгүй худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд  замын зорчих хэсэг, нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ түр буюу удаан хугацаагаар орхих, зогсох, давхарлах зэрэг зөрчлийг гаргаж зохиомол түгжрэл бий болгож замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулж ихээхэн бухимдуулдаг. Иймд томоохон худалдааны төвийн түрээслэгч, ажилчид та бүхэн өөрсдийн худалдааны төвийн зогсоолоо чөлөөлж иргэдэд үйлчлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх,  жолооч иргэд  та бүхэн бусад хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандаж тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулах, нийтийн тээврийн  хэрэгслийг сонгож оролцохыг зөвлөж байна. Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай ая тухтай зорчуулах зорилгоор Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Ийм замын хөдөлгөөнд оролцогч та цагдаагийн алба хаагчийн  тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, сахилга соёлтой  оролцохыг уриалж байна.