Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай хувийн сургуулиуд ихээр нээгдэж байгаа.  Үнэхээр Монгол хүүхдүүдэд эрдэм мэдлэг олгож л байвал боллоо гэж бодон эцэг эхчүүд өндөр төлбөр төлж сургадаг нь нууц биш. Харин өндөр өртөг бүхий  сургуулиуд хариуцлага алдаж, чих халууцуулсаар байна.

1994 онд байгуулагдсан Улаанбаатар Эмпати дунд сургууль та бидний дунд “Турк” сургууль нэрээрээ  танил болсон. Тэгвэл уг сургуулийн сурагч нэгнийхээ хоолойг зүссэн хэрэг гарсан байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн 8-р хороо Офицеруудын ордны ойролцоо “Турк” сургууль үйл ажиллагаа явуулж байгаа.  Сургуулийн 10 болон 11-р ангийн 17 настай А, 16 настай Б  нар хоорондоо маргалдаж байгаад нэгнийхээ хоолойг зүссэн хэрэг гарсан байна. Хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм. 

Тус сургуулийн нэг ангид 20-25 хүүхэд суралцдаг. Тус сургуулийн жилийн төлбөр долоон сая төгрөг.  Харин шилжиж ирсэн хүүхэд эхний жилээ заавал  3 450 000 төгрөгийн өртөг бүхий  дотуур байранд амьдардаг. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ сургахын төлөө жилдээ 11 сая төгрөг төлдөг байна. 

11 сая төгрөг бол бага хэмжээний мөнгө биш. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний мөнгөөр хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг сургуулиас хангах ёстой.  Гэтэл хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас нь болж өнөөдөр нэг хүүхэд гэмтээд байна.  Энэ талаар яагаад хариуцлага алдсан талаар тус сургуулиас тодруулахад “Олон хүүхэд байгаа юм чинь  тэр болгонд хараад байх боломжгүй” гэсэн  агуулга бүхий зүйл хэлж байсан.  Хэрвээ хоолой нь зүсэгдсэн хүүгийн амь нас эрсэдсэн бол сургуулийн зүгээс хариуцлага хүлээхгүй гэдгийг бараг хэлчхэж байна. Уг нь тус сургуулийнхан учраа мэдэхгүй арав хүрээгүй айлын нялх нойтон 30-40 хүүхдийг харж байгаа улсын цэцэрлэгийг бодвол ачаалал харьцангуй бага л баймаар.  Тэгтэл ийм хариуцлагагүй хариу тайлбар хийв.

Энэ бол зөвхөн нэг жишээ.  Энэ мэтээр хувийн сургуулиуд өндөр төлбөр авахаас сургалтын чанар, тухайн хүүхдийн эрүүл мэнд, алдар хүнд, өсөн дэвжих боломжид тэр бүр анхаардаггүй. Анхаардаг нь цөөн болох нь зөвхөн эндээс харагдаж байна. 

Хоолой нь гэмтсэн хүүгийн ар гэрийнхэн, цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулан бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа