Цалинтай буюу эмнэлэгийн чөлөө олгодог болох чиглэлийг Ерөнхий сайдаас өглөө. Тодруулбал, өвлийн улиралд ханиад томуугийн дэгдэлт их байдаг бөгөөд эмнэлэгүүд ачааллаа дийлдэггүй. Үүний улмаас

  • Ханиад хүрсэн бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хүнгүй болох
  • Харах хүнгүйгээс эмчилгээгээ дуусгалгүй сургууль, цэцэрлэгтээ явах. Ингэснээр бусдад ханиад халдаахын зэрэгцээ  эмчилгээ үр дүн багатай болох
  • Эмнэлгийн ачаалал их, ханиадны вирүс дамждаг зэрэг хүндрэлүүд нь бага насны хүүхдийн ханиад хүндрэх, ханиад томууны тархалт нэмэгдэх зэрэг хүндрэлүүд үүсч байгаа. 

Эрүүл мэндийн яамны танилцуулгаас үзвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт амбулаториор үйлчлүүлэгсдийн 5.5 хувийг эзэлж байгаа нь дэгдэлт /10-15 хувь/-ийн хэмжээнд хүрээгүй. Гэхдээ амьсгалын замын цочмог халдварын хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо их байна. Өнгөрсөн оны мөн үед нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал 18.5 хувиар хэтэрч байсан бөгөөд одоо 585 ор нэмэлтээр гаргасан ч ачаалал 10 хувиар илүү байгаа үзүүлэлт гарчээ.

Бага насны хүүхдэд нэн шаардлагатай антибиотикийн үйлчилгээ сул, эмчилгээний үр дүн хангалтгүй, эмнэлэгт 1-2 хоног эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт эмчилгээний төлбөрийг олгодоггүй, таваас дээш хоног хэвтсэн тохиолдолд л төлбөр хийгддэг байна. Иймээс тав хүртэлх насны хүүхдийн зонхилон тохиолдох өвчнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардал болох тэрбум гаруй төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангаас гаргахыг судлан шийдвэрлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн хэсэгчилсэн карантин тогтоох, сурагчдын улирлын амралтыг зохицуулж байхыг холбогдох сайд нарт даалгав.

 Амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгсдийн 90 орчим хувь нь 4 хүртэлх насны, үүнээс 35 хувь нь 1 хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчтэй хүүхдийн 56 хувь нь уушигны хатгалгаа, 22 хувь нь цочмог бронхитоор хүндэрч байгаа нь эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлэх гол шалтгаан. Гэхдээ сүүлийн хоёр сард ханиадны хүндрэл, уушигны хатгалгааны өвчний улмаас хүүхэд нас бараагүй тухай Эрүүл мэндийн яам танилцуулжээ.

Иймд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бага насны хүүхдээ эмчлэх зорилгоор гэртээ түр харах асран хамгаалагч нарт нь эмчийн үзлэг, бичгийг үндэслэн эмнэлэгийн цалинтай чөлөө буюу лист олгох байдлаар хуульд өөрчлөлт оруулахыг холбогдох сайд нарт үүрэг өгсөн байна.  Учир нь эмнэлэгт 1-2 хоног хэвтэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодоггүй. Заавал тав болон түүнээс  дээш хоног хэвтэж байж лист буюу цалинтай чөлөө олгодог болох  зэрэг хуулийн хүндрэлийг ч залруулахыг чиглэл болгосон. Мөн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу тав хүртэлх насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчнийг эмчлэх шаардлагатай эмийн жагсаалтыг баталж, тэдгээр эмийн үнийг ЭМД-ын сангаас олгохоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс шийдсэн байна.