Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид өнөөдөр 10.00 цагт болно.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх юм.

Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон ч шүүгдэгчид, хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу хойшилсон юм.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд "Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир "маш нууц"-д хамаарч байна. Тиймээс хуралдааныг сурвалжлах хүсэлт гаргасан 55 хэвлэл мэдээллийн ажилтан хурлын зөвхөн нээлтийн дүрс бичлэгийг авах эрхтэйгээр мэдээллэж ажиллах юм.