Өнөөдрөөс ес эхэлж байна. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес хоногоор тооцон гурван ес дуусахад өвлийн жавар үргэн, хаврын улирал айсуй гэж үздэг. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. 

 

Тэгвэл ес эхэлснээс ихэнх нутгаар хүйтэрч, цас орох төлөвтэй байна. Энэ сарын 23,26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын  нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуурын  болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.