Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо гэсэн урт нэртэй, зарим хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг, харин болзошгүй нөхцөлөөр бүх хүний торгуулийн хэмжээг нэмдэг газар бий.

Тус хороонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл багтдаг бөгөөд хоёр жил тутам Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4-т зааснаар мөнгөний дүн тогтоодог 

дархан эрхтэй. Үндэсний хорооныхон өнгөрсөн хавар дөрөвдүгээр сарын 20-ноор огноолон доод хэмжээг цагг 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240 мянган төгрөг болгож шинэчлэн тогтоож, ирэх 2017 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гаригаас мөрдүүлэх болсон.

Урьд өмнө нь тогтоосон 192 мянган төгрөг нь одоо мөрдөгдөж байгаа хэмжээ.

Тус хорооныхон “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажил хийж буй хүмүүст олгодог. Тиймээс бусад мэргэжлийн хүмүүсийн цалин хөлсийг нэмж буй мэтээр ойлгох нь учир дутагдалтай. Манай хөдөлмөрийн зах зээл дэх ажилчдын зөвхөн дөрвөн хувь нь ийм хэмжээний цалин авдаг. Энэ нь тэдний амьжиргааг дэмжиж буй арга хэмжээ юм” гэж илэн далангүй тайлбарладаг.

Үнэхээр ч сард ийм бага цалин авч байгаа хүмүүс нь манай улсын ажил хөдөлмөр эрхлэгчдийн нийт тоотой харьцуулахад маш бага.

Харин эсрэгээрээ манай улсын маш олон хууль тогтоомжид суулгасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох тухай заалт нь болзошгүй нөхцөлөөр бүх хүнд 100 хувь хамаатай болдог. Энэ өнцгөөс харахад цалин нэмэгдэх ач холбогдлоос илүүтэйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дүйцүүлсэн торгуулийн төлөх мөнгөний хэмжээ шууд пропорционалиар өсдөг сөрөг хамааралтай юм байна.

Тухайлбал өнгөрсөн зун намар самрын “хэрэг” тарьсан нөхөд Ойн тухай хуулийн 47.2.4 дүгээр зүйлд зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний байгууллага боло-хоор 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгууллаа. Бодож үзэхэд 192000x5=960 мянга, 192000x15=2 сая 880 мянган төгрөг. Ирэх жилээс уг торгууль 240000x5=1 сая 200 мянга, 240000x15=3 сая 600 мянган төгрөг болж дээшээ суга өснө.

Монгол Улсын бүх хуулиас нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг торгуулийн хэмжээ болгох заалт хамгийн олон орсон нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль. Тус хуулийн 16 дугаар зүйл. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага”-д 16.1.1. хяналт шалгалтаас зайлсхийсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

16.1.2. хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт, дүгнэлтийг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

16.1.3. дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

16.1.4. хяналт ишлгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн, гэмтээсэн, засварласан, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн иргэн, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж заасан байгаа.

Дашрамд дурдахад, Эрүүгийн хуульд торгуулийн хэмжээ хөдөлдөгтүй эерэг талтай. Эрүүгийн хуулийн 5.3-т

1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан нэгжтэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ.

2. Торгох ялын хэмжээ нь нэг зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.

3. Энэ хуульд заасан нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэицүү байна гэж заасан.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4-т заасны дагуу хоёр жил болоод 2018 онд шинэчлэн нэмж тогтооно.

2019 оноос ихэнх торгуулийн хэмжээ дагаж нэмэгдэнэ.

2020 онд шинэчилнэ, 2021 оноос торгууль нэмэгдэнэ... Иймэрхүү прогресс өсөлтийн дүр зураг харагдаж байна. Энэ бол бодит байдал.

Харин энд хүмүүсийг хэрэг зөрчил гаргахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаардагт бус Эрүүгийн хуульд хамаарах тогтмол хоёр мянган төгрөгийн нэгжтэй торгуульд хамрагдах нь дээр гэж сурталчлаагүй болно.

 

 

Б.ЕРЭНТЭЙ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/