Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийнхөнтэй хамтран Нийслэлийн Засаг даргын тамгын газраас агаарын бохирдол ихтэй, гэр хорооллын дунд байрлах 50 цэцэрлэгт 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Чингэлтэй дүүргийн 11 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж болон агаарын тоосонцорыг хэмждэг лазер төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор нийслэлийн боловсролын газартай хамтарч хийсэн судалгааны үр дүнд ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг цэцэрлэгийн анги танхимд суурилуулах нь дотоод орчны агаарын бохирдлыг 3.2 дахин бууруулж, улмаар хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байгааг төслийн мэргэжилтнүүд тогтоожээ.

 

Уг шүүлтүүр нь тасалгааны агаар дахь нян бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж, утаа, тоос, тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай аж. Харин агаарын тоосонцорыг хэмждэг лазер төхөөрөмжийн тусламжтайгаар тасалгааны агаар дахь бохирдол хэрхэн буурч байгааг хянах боломжтой болж байгаа юм. Агаарын бохирдол ихтэй байгаа энэ үед уг төхөөрөмжүүдийг өгснөөр нийт 50 цэцэрлэгийн 2-5 насны 7400 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэж байгаа юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тус үйл ажиллагааны үеэр Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эцэг эхчүүд маань өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь зайшлгүй шаардлагатай. Ялангуяа гадаад орчны бохирдлоос илүүтэй дотоод орчны агаарын чанарыг сайжруулах асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Хүүхэд багачуудын хувьд, өдрийн ихэнх цагийг цэцэрлэгт өнгөрүүлж байгаа учраас анги танхимын агаарыг цэвэршүүлж, тоосонцорыг хэмжих эдгээр төхөөрөмж маш чухал ач холбогдолтой юм. Зөвхөн цэцэрлэгт ч гэлтгүй, бид бүхэн гэр орныхоо дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад анхаарч, зохих зөвлөмжүүдийг мөрдөх ёстой. Эцэг эхчүүд болон эмч, багш нарын хувьд хүүхэд багачуудад амны хаалтыг тогтмол хэрэглэж хэвшүүлэх тал дээр сайтар анхаарах хэрэгтэй юм шүү. Ингэснээр агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд өөрсдийгөө болон үр хүүхдээ хамгаалж, амьсгалын замын элдэв өвчлөлд өртөх эрсдэл буурна” хэмээн ярилаа.  

“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн зохицуулагч Г.НямсүрэнХүн амьдралынхаа 70-80 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс гадаад орчны агаараас илүү дотоод орчны агаарын чанарт анхаарах нь зүйтэй болов уу. Хүний нэг ширхэг үснээс 10 дахин бага диаметр хэмжээтэй, нүдэнд үл үзэгдэх маш нарийн тоосонцор агаарт хэдэн мянгаараа хөвж байгаа. Харьцуулсан судалгааны дүнгээс үзвэл, цэцэрлэгүүдийн дотоод агаарын бохирдлын хэмжээ зохих түвшнээс 9 дахин их байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй юм.Эхний ээлжинд утаа ихтэй, гэр хорооллын дундах цэцэрлэгүүдийг сонгон авч НЗДТГ, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран эдгээр төхөөрөмжөө хүлээлгэн өглөө. Үлдсэн цэцэрлэгүүдийг ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчээр хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг төсөл нэгжээс Дэлхийн банк нааштайгаар хүлээж авсан” гэлээ.

 Сурагчид амны хаалт хэрэглэж, агаарын бохирдлоос хамгаалах боломжтой

Энэхүү ажлын дараа Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс агаарын бохирдол ихтэй бүсэд байрлах нийт 51 сургуулийн 1-5 дугаар ангийн 40 мянга орчим сурагчид амны хаалт тараасан юм. Агаарын бохирдлоос хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор НЗДТГ-аас “Эрбуб” ХХК-ийн амны хаалтыг худалдан авч сургуулиудад тарааж байгаа билээ. Зургаан давхар шүүлтүүр бүхий уг амны хаалтыг тав хоног хэрэглэх боломжтой бөгөөд үйлдвэрлэлийн өртөг нь 3000 төгрөг аж. Хөгжлийн бэрхшээлтэй арав гаруй иргэдээс бүрдэх “Эрбуб” ХХК-ийн захирал Д.Нямтулга “Герман технологийн дагуу үйлдвэрлэсэн энэ амны хаалт агаарын бохирдлыг 99 хувь шүүнэ. Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулж үйлдвэрлэсэн учраас ямар ч хүн хэрэглэх боломжтой. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, холбогдох албаны хүмүүс өнөөдөр бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласанд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Харин нийслэлийн 57 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагч Г.Ундрал, Б.Ганбаяр нар “Өглөө эрт сургууль руугаа очих, орой гэртээ харих үедээ утаанаас болоод дандаа ханиалгаж, нүднээс нулимс гоождог. Агаарын бохирдол ихтэй байдаг болохоор үс, хувцаснаас утаа тортог үнэртэх, ханиад томуу тусах асуудал байнга тулгардаг. Одоо амны хаалт тогтмол зүүнэ ээ” гэв.   

Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийг амны хаалт зүүж хэвших аянд уриалж байгааг дуулгасан бөгөөд дуучин С.Зоригт, жүжигчин О.Цэнгэл нарын залуу уран бүтээлчид дэмжиж нэгдэхээ илэрхийлсэн. “Агаарын бохирдлоос хамгаалах зориулалтын амны хаалт хэрэглэж сурснаар бид бүхэн өөрсдийгөө төдийгүй үр хүүхдээ ч элдэв өвчнөөс хамгаалж чадна. Хотын утаа гэдэг нэг л өдөр арилчих асуудал биш. Зүгээр нэг ярьж бичээд суух биш. Тодорхой аян өрнүүлж, нийгэмд тусгалаа олсон зөв зүйтэй ажлуудыг санаачлан хийж байгаа нийслэлийн удирдлагуудыг дэмжиж байна” гэж хэвлэл мэдээллийнхэнд ярилаа.