Дунд голын жихүүн жаварт хацар нүүрээ алгадуулан, өглөө оройд алхахад сэтгэл сэргэж, бие тавираад нэг л сайхан болдогсон. Ийн алхахдаа аюул осолгүй, агаар нь арай цэнгэг, уужуу тайван том талбайтайг нь бодон Хүүхдийн паркийн дундуур явахад нэн таатай байдаг.
 
Гэтэл сүүлийн үед паркаар ийн тайван, амгалан, өөрийн дураар алхахын аргагүй болж, үргэлж ямар нэгэн юмнаас болгоомжлон, ийш тийш сэртэлзэн харж, сэрэмжлэн явдаг боллоо. Айж бэргэн, сэрэмжлэхийн учир нь энд тэндээс сүрэглэсэн ноход гэнэт гарч ирэн хуцаж боргох нь үргэлж сэтгэлд түгшүүр төрүүлнэ. 
 
Гартаа хугархай мод ч бариагүй хүн рүү гэнэт хуцаж дайрахад хурдхан дайжиж холдохыг л бодно. Нэг сүрэгт нь л гэхэд арав харин нохой байх агаад дуу дуугаа аван хуцаж, өвлийн зузаан, пөөнөгөр хувцастай хүн рүү бүр ч илүү хуцаж дайрах юм. Эндхийн нохойн сүргийн тоо лавтай нэг хоёроор тогтохгүй. Тоолбол хэд болохыг хэлэхэд бэрх. “Түмэн эх" чуулгын байрны зүүн хойно байрлуулсан контейнерийн доогуурх хөндийд ноохойгоо засч, гөлөглөжээ. Тэдгээр гөлөг одоо хөрвөжиж томроод хүн дэргэдүүр нь өнгөрөхөд бас л боргож дайрах янзтай.
 
Утаа тортгоос дайжин, арай сул чөлөөтэй газар сонгон салхинд гарах хүсэлтэй хүмүүс Хүүхдийн паркийг зорих нь их. Тийм хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийн салхинд гарч, алхах тэр их хүсэл тэмүүллийг нь нохойд уруулах вий гэх айдас хязгаарлаж байна.
 
Моддын навчис сэржигнэн эл хуль байдаг паркийн доторх зай талбай нэлдээ сүрэглэсэн нохдын дуу шуугиан, хөлд дарагдан хүүхэд хөгшид ганц нэгээрээ явахын аргагүй болсныг нийслэлийн удирдлагуудын сонорт хүргэе. Энд хүүхэд нохойд бариулж, хэн нэгэн хазуулжээ гэхэд гайхахааргүй болсныг сануулж байна. Хүмүүс хөлхөлдөж байх Хүүхдийн парк сүрэглэсэн ноход шуугилдан аймшгийн газар, нохойн орон болоод удаж байна.
 
Н.Бөхдамбий
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин