Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, зам барилга, төр захиргаа, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар эх орныхоо нэрийг Рио де Жанейрогийн олимпд цуурайтуулсан тамирчдад Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо.

Хүн төрөлхтөний аугаа их баяр цэнгэл “Рио-2016” олимпийн наадмын боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, Азийн АШТ, Азийн наадмын аварга, ОУХМ Д.Отгондалай, “Рио-2016” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль, Дэлхийн цомын мэтцээнд мөнгөн медаль хүртсэн Э.Содномпилжээ, “Рио-2016” паралимпийн жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү нар энэхүү нэр хүндтэй цолны эзэн болж, Төрийн ордонд шагналаа гардан авлаа.