Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар “Хөгжлийн банк”-тай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэгт Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид багтжээ. Уг ажлын хэсгийг УЕПГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх, “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай холбоотой эрүүгийн хэргийн шалгалтын эрчимжүүлэх зорилгоор байгуулагдсан байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, “Хөгжлийн банк”-ны захирал Н.Мөнхбат нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хууль бус үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нягтлаад багагүй хугацаа өнгөрч байна. Уг хэрэгт холбогдсон хүмүүс нийлж, албан тушаалаа урвуулан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулаад, бондын хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан нь АТГ-ынхны шалгалтын явцад ил болоод буй билээ.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай ч энэ заалтыг 2012 оноос хойш огт мөрдөөгүй. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, УИХ-аас батлаагүй, хэлэлцээгүй төслийг санхүүжүүлж байсан нь тодорхой болсон юм. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хороололд санхүүжилт олгохдоо Засгийн газрын тогтоол гаргалгүй, УИХ-аар батлуулалгүй Хөгжлийн банкнаас гаргасан нь тодорхой болсон байдаг.