Гал үндэстэн, Гол нууруудын холбоо, Нэгдсэн Монгол төрийн бус байгууллагууд Уул уурхайн яамны гадаа өчигдөр эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэд долоо хоногийн өмнө тус яамны холбогдох эрх мэдэлтнүүдэд "Урт нэртэй хуулийг гуйвуулахгүй байх талаар, ураны бодлогыг дэмжихгүй байх"-ыг хүссэн шаардах бичиг өгчээ.
Гэтэл яамны зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй төдийгүй ажлын цаг эхэлсэн ч  удирдлагууд нь ажилдаа ирэхгүй байсан гэв.

Тэд шаардах бичигтээ: "Монголын ард түмэн цөмийн хор хөнөөлийн золиос болон сүйрч сөнөхийг хүсэхгүй байна. Монголын ард түмэн:
-Гурван улсын цөмийн түншлэлийн стратегийн гэрээг даруй цуцлахыг,
-Ураны хайгуул, олборлол, үйлдвэрлэл, АЦС, цөмийн хаягдал булшлах зэрэгтэй холбогдсон бүх хууль тогтоомжуудыг хүчингүй болгож, цөмийн дээрх үйл ажиллагаануудыг хориглож, Монгол орныг цөмгүй бүс болгож хуульчлан тунхаглахыг,
-Монгол оронд цөмийн хор хөнөөлүүдийг нүүрлүүлэх гэсэн, үүгээр ашиг хонжоо олох гэсэн хэн бүхнийг хуулийн хариуцлагад татаж ял оноохыг, -ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн аливаа чухаг асуудлыг ард иргэдээсээ асуулгүйгээр шийдвэрлэхгүй байхыг хүсч байна.

Ногоон хөгжил гэсэн халхавчийн дор шар мөхлийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэн нэгдсэн бид БОНХЯ-ны сайд С.Оюун танд хандан:
1-рт, цөмийн хорт төлөвлөгөөнүүд, гэрээ хэлэлцээрүүдийг нүдэн балай, чихэн дүлий хүлцэн сууж, үнэн хэрэгтээ талархан дэмжиж, байгаль орчныг хамгаалах, улс орныг ногоон замаар хөгжүүлэх үүргээ умартан хөсөрдүүлэхээ зогсоо!
2-рт, Монгол дахь ураны хайгуул, туршилтын болон нууц олборлолтоос үүдэн байгаль орчинд учирч буй сөрөг үр дагавруудыг хянаж, тогтоо, энэ чиглэлээр хийгдэж буй олон нийтийн хяналтыг дэмжин ажилла!
3-рт, цөмийн үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг ард иргэдэд таниулан сурталчил! гэж шаардаж байна.

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Ангир нүдэн мөндөөхэй хөдөлгөөн, Онги голынхон хөдөлгөөн, Гал үндэстэн холбоо, Голомт-Цэх, Нэгдсэн монгол хөдөлгөөн Ногоон хас байгаль хүмүүн ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд” хэмээн бичиж явуулжээ.
Хэрвээ Уул уурхайн яамнаас шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ тэд мэдэгдсэн юм.

Урт нэртэй хууль гэгчийн өөрчлөлтийг эсэргүүцэн өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан Төрийн ордны хамгаалалтын газар "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нарын хүмүүс гранат, галт зэвсэгтэй нэвтэрч, олон нийтэд заналхийлж, төрийн албан хаагчийн амь насанд халдахыг завдаж, тагнуул цагдаагийнхны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн хэрэг гарсан дуулиан намжаагүй байгаа.  Эрүүгийн хуулийн 177, 191 дэх зүйл ангийг үндэслэн Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Тухайн үед Төрийн ордны арын цэцэрлэгээс гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, "Central Tower" зэрэг барилгыг шалгаж, эдгээр гурван газраас нийт гурван буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат, бусад тэслэгч илрүүлж, хураан авсан байдаг.

Тэгвэл энэхүү урт нэртэй хууль талаар: 2013 оны 9 сарын 16. Гал Үндэстэн Холбооныхон урт нэртэй хуулийн хэрэгжилтийн асуудлаар уулзаж ярилцахаар эрх мэдэлтнүүдэд олон арван удаа хандаж байжээ. Тэдний заримаас нь дурьдвал, 2012 оны 9 сараас хойш Eрөнхий сайд Н. Алтанхуягт дөрвөн удаа, УИХ-ын дарга З. Энхболдод дөрвөн удаа, ХЗ-н сайд Х. Тэмүүжинд нэг удаа, БОНХ-ийн сайд С. Оюунд нэг удаа, 2009 оны 10 сарын 16-аас өдийг хүртэл ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид 10 гаруй удаа хандсан боловч хариу нэгийг ч  авч үзээгүй аж.

Цөхөрч бачимдсан тэмцэгчид байгаль орчноо хамгаалахын төлөө яахаас ч үл буцна гэдгээ харуулахаар буутай цуглаан зохион байгуулсан нь буруутаж, 9 хүн хоригдов. Түүнчлэн Монголын тал ураны төсөлд 34 хувийг эзэмшихээр болсон юм. Францын Гадаад хэргийн сайд ноён Лорен Фабиус Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар манай улсад айлчилсан.  Энэ айчлалын үеэр манай улсын төрийн өмчит “Мон Атом”, Францын “Арева Монгол” компаниуд хамтран ажиллах гэрээг үзгэлэж, энэ хүрээнд “Арева Майнс” компани байгууллаа. Түүнчлэн “Арева Монгол” болон “Мицүбиши” компани хооронд хамтын ажиллагааны гэрээг мөн үзэглэв. Энэхүү гэрээний дагуу Монголын тал “Арева Майнс” компанийн 34 хувь, “Арева Монгол” компани мөн 34 хувийг эзэмших бөгөөд 34 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг Японы “Мицүбиши” корпораци төсөлд оруулахаар болсон.

ТББ-уудын эсэргүүцээд байгаа "уран" гэж юу вэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис (radio active element) аж. Цацраг идэвхт бодис гэдэг нь  атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг идэвхт бодисоос 3 төрлийн цацраг цацарч байдаг. Эдгээрийг альфа, бетта, гамма цацраг хэмээн  нэрлэдэг. Альфа болон бетта цацраг нь нэвтрэх чадварын хувьд муу. α-цацрагийг бичгийн цаасаар л хааж болно. Харин гамма цацраг нь ямарваа зүйлийг нэвтрэх чадвар өндөртэй. Аль ч цацрагийн хувьд хүний биеийг нэвтлэх явцдаа эсийн дотор орших нарийн нийлмэл бүтэцтэй уураг, РНХ, ДНХ-ийн молекулуудын хоорондын тусгай холбоосыг тасалснаар хүний эсийг гэмтээдэг. Үүнээс α-цацраг байгальд байх уранаас ялгарах бөгөөд төдийлөн хоргүй гэж яригдаж байсан ч үнэн хэрэгтээ хамгийн аюултай цацраг нь юм байна. Энд дараад олж мэдэж болно. Үүнд хүүхэд илүү өртөмтгий. Ингэж цацраг туяанд өртөж гэмтсэн эс нь хорт хавдрыг үүсгэдэг гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс нь ярьдаг. Харин эхийн хэвлийд бойжиж буй урагт цацраг туяа нөлөөлснөөр элдэв гаж хөгжилтэй, дутуу төрөлт, төрөлхийн бие эрхтэний согогтой хүүхдүүд төрдөг ба тэдний ихэнх нь амьдрах чадваргүй тул зулбаж хорвоог орхидог байна.

Атомын цахилгаан станц Монголд ашиггүй гэгдэг. АНУ-ын Станфордын Их Сургуулийн цөмийн энергийн тэнхимд багшилж байсан Монгол профессор н.Ундраа "Монгол улсад атомын цахилгаан станц ашиггүй" хэмээн нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа хэлсэн удаатай. Учир нь Монголд атомын цахилгаан станц барихад хангалттай ус байхгүй. Атомын цахилгаан станцад ураны түлшийг идэвхжүүлэхэд цөмийн урвалаас маш жижиг тэсрэлтүүд болох бөгөөд цельсийн 1000 градус, түүнээс дээш хэмжээний дулаан ялгардаг. Боловсруулалтаас ялгарсан өндөр хэмжээний халуунаас үүсэх агаарын даралтыг хүйтэн усаар тусгай аргаар хөргөж, халуун хүйтний огцом даралтаас үүсэх усны уураар генераторын дамрыг эргүүлж дамрын эргэлтээс эрчим хүч гарган авдаг.

Хүйтэн ус халуун агаарт ууршиж, үүссэн их хэмжээний уурыг агаар, мандал руу гадагшлуулдаг. Атомын цахилгаан станцаас гарах энэ их халууныг зөвхөн голын, эсхүл газрын гүний усаар хөргөдөг. Монгол улс, хуурай уур амьсгалтайн дээр усны хэмжээ хомс, цөлийн бүс нутгийн хэмжээ тэлсээр байгаа. Түүнчлэн гол, горхи ширгэж, ой мод ихээр сүйдсэнээс ундны усны нөөц хэмжээ хэт багасаж буй. Хүн ам цөөн, дээр нь суурин бус тархмал байдлаар аж төрж байгаа нь усны асуудал хэр хэмжээний эмгэнэлт байдалд хүрснийг үл анхаарахад хүргээд байна. Зөвхөн Туул голын хувьд гэхэд Нийслэлийн иргэдээ цэвэр усаар хангаж чадахгүй байдалд хүрээд буйг саяхан албаны хүмүүс мэдээллэж байсан.

Гэтэл энэ урт нэртэй хуулийн төсөл хэрэгжиж эхлэх юм бол бид усгүй дээрээ улам уух ундны усгүй л болох юм байна. Ядаж ирээдүйг хойч үеэ бодож нэг үзээсэй дээ. Улс төрчид минь.

Шаазгай овоо босгоогүй бол... гэдэг шиг үнэхээр энэ уран олборолтын талаар нууц яриа нь явагдаж буй болоод л энэ Төрийн бус байгууллагынхан чинь тэмцэж байгаа. Тэрнээс ор үндэсгүй зүйлээр жагсаал цуглаан хийж буу шийдэм дээрээ тулахгүй л байлтай.

Х.Даваа