Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс Хотын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан. Үүний дагуу Хотын даргын орлогч Ш.Анхмаа өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайдтай уулзсан юм. Уулзалтын үеэр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлаар ирэх долоо хоногийн эхний өдөр буюу маргааш шийдвэрлэхээр болсон.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа ч өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тиймээс ирэх долоо хоногт томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тохиолдолд сурагчдын амралтыг сунгахгүй гэсэн юм. Хэрэв ханиад, томууны өвчлөл буурахгүй бол сурагчдын амралтыг сунгах аж.

Тодруулбал, БСШУСЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тул амралтын хугацааг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгджээ. Түүнчлэн ханиад, томуугийн өвчлөл, халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан сурагчдын амралт дуусахын өмнө холбогдох яамтай дахин зөвшилцөхөөр болсон байна.