Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 4704 км2 газар нутагтай, 1.3 сая хүн амтай. Энэ үзүүлэлтээрээ их хотын эгнээнд хэдий нь багтсан боловч орчин үеийн том хотуудад тавьдаг хэд хэдэн шаардлагыг хангаж чадаагүй байсаар байна.

Үүний нэг нь хог хаягдлын асуудал юм. Улаанбаатарчууд хоногт дунджаар 2500тн хог хаягдал өөрсдийн хэрэглээнээс гаргадаг гэсэн судалгаа байна. Олон улсын зах зээлд жил тутам мянга гаруй нэр төрлийн химийн бодис шинээр гарч байгаагаас үүдэн жилд 300-400 сая тонн аюултай хаягдал бий болж байна. Иймээс хог хаягдлын хэмжээг багасгах, түүний хор нөлөөнөөс хүн ам, байгаль орчныг хамгаалах талаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах цаг хэдий нь болжээ. Манай нийслэлийн тухайд хүн амын төвлөрөл эрчимтэй нэмэгдэж байгаа учир энэ асуудал мөн л хурцаар тавигдаж байгаа юм.

Тэгвэл JCI Улаанбаатар салбар байгууллагa нь яамд, нийслэл, боловролын байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиуд болон бусад сайн дурын байгууллагуудтай хамтран ХОТЫН ШИЙДЭЛ (CITY SOLUTION) төслийнхөө хүрээнд "Хог хаягдлын менежмент" сэдвээр иргэдийг хамарсан төслийг хэрэгжүүлэх гэж байна. Төслийн хүрээнд хоггүй ирээдүйн төлөө, иргэдийг эрүүл, аюулгүй, орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд олон нийтийг уриалах, тэднийг татан оролцуулахад хувь нэмрээ оруулахаар зорьж байна. Үүний хүрээнд сурагчид, оюутнуудад сургалт явуулах, мэтгэлцээн, илтгэлийн уралдаан тэмцээн зохион байгуулах, олон нийтийг уриалан цэвэрлэгээний өдөртэй болох юм. Мөн хог хаягдлаар тохижилтын эд зүйлс хийх, хогийн сав байршуулах чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.