Хорвоод мэндлээд хоёрхон сартай байхдаа хагалгаанд орж, өнөөдрийн хүртэл эм тариагаар өдөр хоногийг аргацааж буй бяцхан охин Монгол түмнээсээ тусламж хүсэж байна.

Түүнийг Лхагвасүрэнгийн Бүжинлхам гэдэг. Аав ээждээ аз жаргал бэлэглэн ирсэн бяцхан охин өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Охины элэг нь хатингаран хатуурч, дэлүү томорч, улаан хоолой өргөссөн судаснуудаас цус алдан хөнгөвчлөх хагалгаанд ороод байгаа юм. Яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай болсон тул ийн элэг нэгт ахан дүүсээсээ тусламж хүсэж байгаа нь энэ.

“Төрөхдөө цөсний сувгийн битүүрэл оноштой төрсөн. Хоёр сар 12 хоногтойдоо хагалгаанд орсон. Биеийн байдал нь нэг хэсэг муудаад бид хэдийг их сандаргасан. Харин өчигдрөөс эхлээд арай дээрдэж байна. Одоо бидэнд хагалгаанд орохоос өөр эмчилгээ байхгүй. Эм тариагаар л өдөр хоногийг аргацааж байна. Улсын нэгдүгээр эмнэлгийн мэс заслын эмч нар донорын шинжилгээ авахуулаад солонгосын эмнэлэг рүү шинжилгээг явуулсан. Шинжилгээний хариу эерэг гарвал Монголдоо, харин боломжгүй гэвэл Солонгос явах шаардлагатай болно. Хэрэв Монголд хийлгэх бол 70 сая, Солонгос руу явах бол 120 мянган ам.доллар болно” гэдгийг түүний ээж Б.Оюунханд хэлсэн юм.

Одоогийн байдлаар Л.Бүжинлхамын гэрийнхэн хагалгаанд шаардлагатай арав орчим сая төгрөгийг цуглуулаад байгаа гэв.

Хоёр хөөрхөн дүүтэйгээ эрхлэн тоглох, ээж аавдаа аз жаргалыг түгээх хүсэл тэмүүлэл дүүрэн бяцхан охинд тусламжийн гараа сунгаарай.

ХАНДИВЫН ДАНС:

Хаан банк-5042409122
Төрийн банк-105000721324
Голомт банк-1605121634 тоот Л.Бүжинлхам

ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР:

Аав н.Лхагвасүрэн 91113050
Ээж Б.Оюунханд 94012151