Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ердөө гуравхан хоногийн өмнө хууль шүүхийн удирдлага болон иргэд, олон нийтэд зориулан “Иргэний танхим”-д уулзалт хийсэн билээ. Тэрбээр энэ үеэрээ “Монгол Улсыг хуулийн засаглалтай улс болгоно. Албан тушаалтнаас илүү хууль засагладаг нийгэмд шилжих шинэтгэлүүдийг эхлүүлнэ” гэж онцолсон. Мөн тэрбээр “Манайд нэг зовлон байна. Бизнесийн салбарт бүх дарамт очиж байна. Хамгийн идэвхтэй ажиллаж, баялаг бүтээж байгаа иргэдээ төр нь хамгийн их дарамталдаг улс болж хувирсан. Төр гээд нэг талд нь данхайсан бүтэцтэй. Хамгийн хамгаалалтгүй буюу хамгийн сонирхолтой салбар бизнесийн салбар. Гүйж очоод дарамтлахад л бизнес эрхэлдэг хүмүүс өөдөөс нь мөнгө өгөх магадлалтай учраас тэр. Хамгийн түрүүнд тэднийг дарамталж байна. Мэргэжлийн хяналтынхан бүр тодорхой зохион байгуулалтад орчихсон. Хүн үйл ажиллагаа явуулж л байгаа бол алдаа байгаа гэдэг сэтгэхүйтэй. Татварынхан очиход л татварт өгөх ёстой нэг төгрөгийг буруу зарцуулсан л байж таарна гэж боддог байх. Гарсан хууль нь тодорхой биш, албан тушаалтан, шалгагч этгээд өөрийнхөөрөө асуудлыг тодорхойлох боломжтой болчихсон. Татварынхан, хяналтынхан очоод баахан дарамталж акт бичээд, актаа шийдвэрлэхгүй бол гэмт хэрэг болгоно гэх мэт. Ийм аймшигтай байдал руу манай үйлчилгээ яваад байна. Тийм учраас бид иргэнийхээ эрхийг хамгаалдаг тэр системээ зөв болгоод төрөө тийм хэлбэр рүү оруулахгүй бол болохгүй нь” хэмээн улсын эцэг хүний хувиар анхааруулж хэлсээр байтал маргааш нь мэргэжлийн хяналтынхан, татварынхан ээлжит дайралтаа дахин бизнесийнхэн рүү хийсэн тохиолдол гарлаа.

   Урт цагааны түрээслэгчид сүүлийн үед Монголын цорын ганц болоод байгаа нийтийн аж ахуйн салбарын сүүлчийн барилга болох ажлын байраа авч үлдэхийн тулд багагүй тэмцэл өрнүүлээд байгаа. Тэнд үйл ажиллагаагаа явуулдаг 700 гаруй түрээслэгч, аж ахуйн нэгж нэгдэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал хүртэл илгээсэн. Гэтэл нийслэлийн удирдлагууд Концессын гэрээ гэгчээр халхавчлан Азийн архихтектурын үнэт өвд бүртгүүлэх жагсаалтад ороод байгаа Урт цагааны барилгыг нураан, газар дээр нь өндөр барилга сүндэрлүүлэхээр эрх мэдэлтнүүд шийдвэр гаргаад байгаа билээ. Гэвч Урт цагааны урчуудын тэмцлийг нам дарахын тулд нийслэлээс дахин нэг увайгүй арга хэрэглэж эхэллээ.

   Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн гарын үсгээр баталгаажсан “Хяналт шалгалтын ажлын удирдамж” гарчээ. Энэхүү удирдамжинд Урт цагааны түрээслэгч, аж ахуйн нэгжид нэг ч хүн үлдээлгүй татвар, мэргэжлийн хяналт шалгалт оруулжээ. Ийнхүү санхүү, татвар нь гэнэтийн шалгалт хийн, тэдний амыг барьж, тэмцлийг няцаах гэсэн арга хэрэглэж байгаад Урт цагааны түрээслэгчид дургүйцэж, тэмцлийн хэлбэрээ улам эрчимжүүлэхээр шийдвэрлээд байгаа гэнэ. Мэргэжлийн хяналт, татварынхны зохион байгуулалттай дарамталдаг ёс бус байдлыг шүүмжилж дуусаагүй байтал ийнхүү жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дарамтлаад эхэлсэн төрийн албан хаагчдыг яах вэ, Ерөнхийлөгч өө.