“Улаанбаатарт ирж буй жуулчдын ихэнх нь гэр хорооллыг үзэх сонирхолтой байдаг. Гэвч жуулчдыг дагуулж явах, тэднийг хамгаалах орчин байдаггүй” хэмээн экстрим аялагч Ц.Мөнхчулуун ярьж байв.  Бидний ад үзээд байдаг гэр хороололд гадныхны сонирхлыг татах зүйл байдаг нь олзуурхууштай юм.

  Гэр хорооллын харагдах байдал, монгол гэр, бие засах газар, хүмүүсийн амьдралын хэв маяг гээд нээрээ ч жуулчдын хувьд урьд өмнө хаана ч харж байгаагүй дүр зураг тэнд байж болох юм. 

 

Мөн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийд адал явдалт, экстрим аялал сонирхогчдын тоо өсөж байна. Жуулчид өндөр үнэтэй аяллын компаниар дамжуулан, тухайн орны тансаг буудалд бууж, жуулчдад зориудаар бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу аялахаас татгалзаж эхэлжээ.   Үүргэвчээ үүрэн хүнсээ бэлтгээд эгэл жирийн айлд нь зочилж, гэнэтийн адал явдал дүүрэн аялахыг эрхэм болгож байна.    Манай оронд ирж буй жуулчдын ихэнх хувийг энэ төрлийн жуулчид эзэлж байгаа юм. Харин тэдний хамгийн их сонирхдог хэсэг нь нийслэлийн гэр хороолол болж таарав.   Мөн жуулчид нутагтаа очоод Монголын гэр хорооллын тухай бичиж тэмдэглэж олон нийтэд хүргэх нь элбэг болж байна.   Азийн шилдэг сайт болох “channelnewsasia.com” сайтад саяхан нэгэн жуулчны монголын гэр хорооллын тухай тэмдэглэл нийтэлсэн нь хэдэн зуун мянган хүн сонирхлыг татжээ. Тухайн сурвалжлагад  “Монголын  “Гэр хороолол” гэж нэрлэдэг энэ хэсгийн оршин суугчдын нэлээд хэсгийг өмнө нь малчин байсан айлууд бүрдүүлдэг байна. Сүүлийн арван жилд монголд 2-3 удаа зуд болсон нь шилжилт хөдөлгөөнийг улам нэмэгдүүлжээ. 

 

"Гэр хороололд цэвэр усны хангамж байхгүй, боловсон жорлон ч үгүй” хэмээн бичжээ.  Мөн гэрийн хаяагаа тойрон суух багачууд, хашаандаа дэлгэсэн угаасан хувцас зэрэг нь жуулчдын сонирхлыг ихэд татсан байна. Тэгвэл барууны загварын одод ч Монголын гэр хорооллыг фоноо болгон  зургаа авахуулах нь моод болсон. ХХI зууны соёлт орчинд, улсын нийслэл гэгдэх хотод ийм зураглал байна гэдэг муу талтай. Жуулчид гэр хорооллоос болохгүй бүтэхгүй хэсгийг нь онцлон харуулах нь дэлхий нийт монголчуудыг энэ л орчноор төсөөлөн хүлээн авахад хүргэж байна.  Гэхдээ үүнд бас нэгэн сайн тал бий. Бид гэр хороололдоо менежмэнт хийж, жуулчдын бас л татаж болох юм байна.

 

 

Т.БАТСАЙХАН