Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал дахин сөхөгдлөө. Ингэхдээ УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн мягмар гаригт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал, лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралд оролцож, дээр уг 49 хувийг Төрийн мэдэлд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэх мэдээллийг eagle.mn мэдээллийн сайтад нийтэлжээ.

Үүнтэй зэрэгцэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсныг шалгасан УИХ, Засгийн газрын ажлын хэсгүүдийн дүгнэлт гарсан тухай мэдээлэл бас цацагдлаа. Засгийн газрын таван сайдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүгнэлтээ нэлээд эрт гаргаад байгаа. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг саяхан дүгнэлтээ гаргажээ. Тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсгийн өчигдөр 16.00 цагт хуралдан дүгнэлтдээ гарын үсэг зурах байсан ч өнөө өглөөний 09.00 хүртэл хойшлуулсан. Учир нь, ажлын хэсгийн дүгнэлтийн төслийг ганцхан хувь барьж орж ирсэн Ш.Раднаасэд дарга гишүүдийг тойруулаад үзчих гэсэн байна. Гишүүд үзээд зарим нэг редакцын засвар хийх ёстой гэсэн гэнэ. Ажлын хэсгийн өчигдрийн хуралд 11 хүн байсны тав нь УИХ-ын гишүүн, үлдсэн хэсэг нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Татварын ерөнхий газрын зэрэг төлөөлөл байжээ. Хуралд оролцсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Л.Энхболд, Д.Ганболд, Л.Мөнхбаатар нарт Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд дүгнэлтийн төслөө танилцуулаад л буцаагаад авсан байна. Гишүүдээс гарсан редакцын засварыг өчигдөр орой хийж дуусгасан аж. Гишүүд өнөөдөр гарын үсэг зурсны дараа ирэх даваа гаригт дүгнэлтээ УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцүүлэхээр тохирсон гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: polit.mn