Нийслэлийн өмчийн харилцааны газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхнээс зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж эхэлсэн билээ. Сүүлийн үед ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх ажиллагаа хэт дарангуйллын шинжтэй болсон талаар ТҮЦ эзэмшигчид хэлж байна.

Тухайлбал, өчигдөр өглөө Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын ойролцоох ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил явагджээ. Энэ үеэр Хан-Уул дүүргийн VIII хорооны иргэн, ТҮЦ эрхлэгч, 65 настай Д.Бадамгаравын даралт ихэссэний улмаас ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Дээрх хэргийг тодруулахаар Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын ойролцоо байх ТҮЦ дээр очтол тэр хавийн ТҮЦ эрхлэгчид цуглачихсан, өглөө болсон ачилтын талаар ярилцаж байв. “Улаанбаатар хотын Засаг даргын захирамжид явган хүний зам хааж зөвшөөрөлгүй баригдсан ТҮЦ-үүдийг ачна” гэж заасан. Энэ дагуу холбогдох албаны хүмүүс нь ТҮЦ-үүдийг ачиж байгаа. Гэхдээ зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй тааралдсан ТҮЦ болгоныг нүүлгэж байна. Энэ буруу шүү дээ. ТҮЦ эрхлэгчдийн холбооноос “Улаанбаатар хотын Засаг даргын захирамж бидний эрх ашгийг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлээ Газрын албаны хүмүүст харуулсан боловч цагдаагийн албан хаагчидтай хамтарч хүч хэрэглэн шууд л ачиж байна. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бичиг баримтаа үзүүлээд ч нэмэр алга. Хүний үг сонсохгүй, улайрсан бух шиг л хүмүүс байх юм. ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлснээс хойш бид өдөр болгон айдас түгшүүртэй, нойр хоолгүй ТҮЦ-ээ манаж байна. Төр засаг ТҮЦ-үүдийн эсрэг байнга дайрч байна. Бид чинь амьдрах гэж л яваа хүмүүс шүү дээ” хэмээн ТҮЦ эзэмшигчид ярив.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн VIII хорооны иргэн, ТҮЦ эзэмшигч, өндөр настан Д.Бадамгаравын том охин С.Отгондуламаас зарим зүйлийг тодрууллаа.


С.Отгондулам: ЭЭЖИЙГЭЭ ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ ХООРОНД ТҮЦ-ИЙГ МААНЬ АЧААД ЯВСАН

-Танай ТҮЦ-ийг ачих үеэр яг юу болсон юм бэ. Үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй юү?

-Өчигдөр 09:00 цагийн үед дүүргийн Газрын албаны хүмүүс ирээд шууд л ачна гэсэн. Тэгээд манай ТҮЦ дээр авирч гараад тог салгасан. Тог цахилгаан гэдэг чинь аюултай шүү дээ. Харин энэ хүмүүс шууд л утаснаас нь татаад салгачихдаг юм байна. Энэ үеэр сүүлийн 10 хоног ТҮЦ-ээ манан хонож, сэтгэл санааны дарамтад орсон ээж маань даралт нь ихэсч, ухаан алдаж унасан. Ингээд түргэн дуудаж, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү хүргэгдсэн. Биднийг эмнэлэгт ээжийнхээ биеийг үзүүлж байх үеэр ТҮЦ-ийг маань ачаад явсан байна лээ. Ийм хулгайч нохой шиг төр засаг гэж юу байдаг юм бэ. Ард түмнийхээ төлөө төр засаг үйлчлэх ёстой биз дээ. Гэтэл амьдрах гэж ядаж байгаа биднийг ганц амин зуулгаас нь салгаж байгаад үнэхээр гомдолтой байна. Манай ах, эгч хоёр хэдэн жилийн өмнө авто ослын улмаас харамсалтайгаар нас барсан юм. Ингээд өнчирч үлдсэн дөрвөн хүүхдийг нь ээж маань өсгөж байна. Өнгөрсөн жил цалингийн зээл авч ээждээ 10 сая төгрөгөөр ТҮЦ худалдан авч өгсөн юм. Гэтэл өнөөдөр ингээд ачаад аваад явчихлаа. Одоо дөрвөн өнчин хүүхэдтэй ээж маань яаж амьдрах юм.

-Одоогоор ээжийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Ээж маань одоо гэртээ эмчлүүлж байгаа. Шоконд орсон болохоор даралт нь буугаагүй л байна. Бид муу юм болчих вий дээ л гэж санаа зовж сууна. Эмч нар ирээд “Сэтгэл санааны дарамт учруулахгүй, тайван байлгах хэрэгтэй” гэж хэлсэн. Гэхдээ яаж сэтгэл санаа нь тайван байх билээ.

Хан-Уул дүүргийн II хорооны иргэн Б.Оюунчимэг: ХЭЗЭЭ ТҮЦ-ИЙГ МААНЬ АЧААД ЯВАХ БОЛ ГЭСЭН АЙДАСТАЙ ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨЖ БАЙГАА

-Би “Эрэл”-ийн автобусны буудлын хажуугийн ТҮЦ-ийг ажиллуулдаг. Энэ сарын нэгний орой дүүргийн Газрын албаны хүмүүс манай ТҮЦ-ийг ачих гэж ирсэн. Яг тэр үеэр ТҮЦ эрхлэгчдийн холбооны хүмүүс болоод ойр орчмын ТҮЦ эзэмшигчид хүрч ирэн эсэргүүцэж байж авч үлдсэн. Ер нь төр засаг олон жил ТҮЦ-үүдийн эсрэг шийдвэр гаргаж байна. Төрийн үндсэн үүрэг нь иргэнээ сайхан амьдруулах биз дээ. Энэ асуудлаар ТҮЦ эрхлэгчдийн холбооноос нийслэлийн Засаг дарга С.Батболтой уулзах гэсэн боловч хүлээж аваагүй. Бүр ажлын цаг эхлэхээс дуусах хүртэл үүдэнд нь хүлээдэг болсон. Гэтэл хотын дарга С.Батболд арын хаалгаараа орж, гараад ард түмэнтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авахгүй бултаж байна. Бид гурав, дөрвөн сар сэтгэл амар байсангүй. Хэзээ хоолноосоо салчих бол, хэзээ ТҮЦ-ийг маань ачаад явах бол гэсэн айдастай өдөр хоногийг өнгөрөөж байна даа.

Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн Г.Ананд-Очир: ТҮЦ ЭЗЭМШИГЧ БИДЭНД ТӨРИЙН ХАРГИС БОДЛОГО ХҮНД ТУСЧ БАЙНА

-Өмнөх нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн “А” бүсэд ТҮЦ эрхлэх журмыг баталсан. Тэр дүрэм журмыг нь дагаж, 10 сая төгрөгөөр ТҮЦ худалдан авч ажиллуулсан юм. Тухайн үед банкнаас олон сая төгрөгийн зээл авч, төлж ч дуусаагүй байтал Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Шилэн ТҮЦ-тэй болох ёстой гэнэ. Ийм юм байж болох уу. Зөвшөөрөлгүй баригдсан, хэрэг зөрчил илрээд байгаа тэр ТҮЦ-үүдээ л шалгаж, ачна биз. Ингэж хоморголон бүгдийг нь нүүлгэн, ачиж болохгүй. Миний хувьд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр сурч төгссөн. Мэргэжлээрээ юм хийе гэхээр гарааны мөнгө байхгүй. Мөнгө олохын тулд ТҮЦ ажиллуулж байна. Өчигдөр манай ТҮЦ-ийг ачих гээд хүмүүс ирсэн. Бас л бөөн маргаан болсон. Ачих гэж ирсэн хүмүүс “Засаг даргын захирамжаар ажлаа явуулж байна” гэсэн тайлбар өгнө. Өөр юу ч хэлэхгүй, шууд л ачих гэж оролдоно. Иймэрхүү маргаанаас болж ТҮЦ эзэмшигч нь ачих гэж ирсэн албаны хүнийг зодсон хэрэг гарсан байна лээ. ТҮЦ эзэмшигч бидэнд төрийн энэ харгис бодлого хүнд тусч байна. Төр засаг ард түмнийхээ амьдралыг ойлгохгүй буруу шийдвэр гаргах юм.

Э.МӨНХТҮВШИН