Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаагийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Түүнтэй уулзах цагаа тохирохоор холбогдоход “Ажил ихтэй байгаа. Хамт явж болно гэвэл хүрээд ир” гэснээр бид “Viva city”-д байрлах “Ariunaа Suri”-гийн урлан дээр очлоо.

Тэнд Ундармаа зураг авалттай байсан юм. Г.Ундармааг хүмүүс хошин урлаг, тайз, дэлгэцийн урдаа барьдаг эмэгтэй жүжигчин гэдгээр андахгүй. Түүний менежер “Одоо “Гэгээнтэн” кино театр руу явах цаг боллоо” гэхэд 11:40 цаг болж байв. Ундармаа энэ сарын 2-нд нээлтээ хийсэн “Амьдралоги” киногоо Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны ахмадуудад хөнгөлөлттэй үнээр үзүүлж байгаа юм байна. Тэрээр кино дуусах үед танхим руу орж ахмадуудтай уулзахаар ийн яарч яваа аж. “Гэгээнтэн” явах замдаа “Би багаасаа кино үзэх дуртай байсан учраас жүжигчин болсон. Анх кино яаж бүтдэгийг бага мэдэх учраас туршлага багатай. Монгол кино үзээд шүүмжлэх юм гарна. Тэгээд л би юмыг шүүмжилж байхаар өөрөө хийчихвэл зүгээр юм даа гэж бодсон. Миний шүүмжилдэг зүйл бол обьект, хувцас, жүжигчдийн тоглолт, дүр сонголт. Ийм киног хүмүүс их үздэг гээд дандаа л уйлсан орилсон логик авцалдаагүй кинонууд их хийгдэж байсан. Би кино хийх гэхээр айдастай байсан юм. Гэтэл нөхөр маань чи хийж чадна, киногоо хийчих гэж зоригжуулсан л даа.

Нээрэн ч хийж чадах урам орж анхныхаа киног хийж байлаа. Ер нь бидний насныхан тодорхой хэмжээний чадалтай болсон бол Монгол руугаа хандсан, хүмүүсийн амьдралд чиглэсэн уран бүтээл хийх ёстой. Манай нийгэмд ганц бие эмэгтэйчүүд маш их байна. Тиймээс ч “Single la¬dies 1,2”, “Тютю” кинонуудаа хийсэн. Залуучуудын хариуцлагагүйгээс болж хүүхэд өнчирдөг. Энэ бол томчуудын хамгийн том алдаа. Тэгэхээр би энэ удаад гэр бүл бүхэн аз жаргалтай байгаасай гэж “Амьдралоги” киног хийсэн. Аав, ээж, нөхөр, хүүхэд хариуцлагатай байх ёстой шүү дээ” хэмээн ярьсан юм. Түүний дөрөв дэх уран бүтээл болох “Амьдралоги” киног үзэж суусан ахмадууд Г.Ундармааг гэнэт гарч ирэхэд баярлан урмын үгс хэлж байв. Тэрээр үзэгчдээс гурван азтан шалгаруулж цуглуулгын дээж болсон тансаг үнэртэй лаа бэлэглэсэн юм. Ахмадууд танхимаас гарч ирэн Г.Ундармаатай дурсгалын зураг авахуулан хэсэгтээ яриа хөөрөө өрнүүлэв. Ийн хэсэг саатсаны дараа зураг авалт руугаа буцах замдаа яриа дэлгэн та “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хийсэн ажлаар Эрүүл мэндийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан байсан гэхэд “Би энэ ажлыг шагнал авахын тулд хийгээгүй. Тухайн өдөр өөрөө ч мэдээгүй байтал гэнэт шагнал өгөхөд мэдээж сэтгэл хөдөлж байсан. Гэхдээ надтай хамтарч ажилладаг компаниудын бүгдийнх нь шагнал гэж бодож байгаа. Тэр хүмүүст урам өгч дэмжвэл бид бүр л олон зүйл хамтарч хийх байх. Би 2013 онд “Ард Аюуш” гээд нийгэмд тустай ажил хийх реалити шоунд орсон юм. Шоунд өөрөө хувиасаа мөнгө гаргахгүй санхүүжилтээ босгож хийнэ гэж заасан байсан. Тэр шоунд би хүүхдийн төрөх эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулж түрүүлсэн. Эмнэлэг тохижуулах туршлагатай болж интерьерийг өөрийнхөө хэмжээнд ойлгодог болчихсон учраас үргэлжлүүлээд хийхэд дөхөм санагдсан л даа. Найз нөхөд маань ч надад их тусалсан учраас хийе гэж дайрсан юм. Хамгийн гол нь нэг зорилготой, хүнд тусалъя гэсэн санаачилгатай хүмүүс нэгдэж ажиллаж байгаа учраас энэ төсөл урт хугацаанд тасралгүй явж байна. Одоо таван эмнэлэг, нэг хүүхдийн ордны гал тогоог тохижуулчихсан байна. Хийсэн ажлынхаа ард гарахад сайхан байдаг” хэмээн ярьсан. Зураг авалтаа дууссаны дараа нэлээд хэдэн ажил амжуулаад авлаа. Гадуур алхахад нь хүмүүс жүжигчин Ундармаа байна, хар даа гэж дуу алдах нь байсан бол зарим нь ирж баяр хүргэх юм. Тэрээр урлагийн бид үзэгчдийн алга ташилт, урмын үгээр л хөг орж урамшина шүү дээ гээд инээмсэглэв. Тэрээр гэртээ харих замдаа “Уг нь би Туул гол руу гүйгээд дасгал хийчихдэг байсан. Сүүлийн нэг жил ямар ч завгүй ажиллаж байна. Өглөө ажилдаа гараад орой гэртээ ороод шууд унтана. Амрах цагаа хасч үзэгчдэд чанартай уран бүтээл хүргэхийн тулд гаргаж байгаа миний хичээл зүтгэл юм даа” хэмээв. Та энгийн, хээгүй зантай юм аа гэхэд “Од болж хямсаганаад байх нь чухал биш. Жинхэнэ од Монголд байхгүй шүү дээ. Одууд чинь тасарцан амьдралтай, хэмжээлшгүй орлоготой хүмүүс. Манайд бол олны танил гэх байх л даа. Бид чинь чардайж ажиллаад мөнгө олдог байж мянга хямсгар байгаад яах вэ дээ” хэмээн инээд алдлаа.

Г.Ундармаа Зайсангийн “Хунгийн хотхон”-д нөхөр Батжаргал, охин Бэрцэцэг болон гэр бүлийн гишүүн болсон нохойтойгоо амьдардаг юм байна. Биднийг очиход нөхөр нь эзгүй байлаа. Зочны өрөөнд нь төгөлдөр хуур, ятга, шанз, мандолин зэрэг хөгжмүүд байлаа. Ундармаа тэднийг нэг нэгээр нь авч тоглох зуураа “Манай ээж Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжигчин байсан. Ээж урлагийн хүн учраас хажууд байгаа зүйл илүү ойрхон харагддаг юм билээ. Би багаасаа л шүлэг уншиж, бүжиглэдэг хүүхэд байсан. Харин аав эмч мэргэжилтэй ч насаараа багшилж, удирдах ажил олон жил хийсэн хүн дээ. Нутаг усаараа яривал аав маань Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх. Ээж Говь-Алтай аймгийн Чандмань сумынх. Би Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн юм” гэв. Тэрээр арван жилийн сургуулиа нутагтаа төгсөөд СУИС-ийн кино, драмын жүжигчин мэргэжил эзэмшчээ. Их сургуулиа төгсөөд Эрдэнэтийн хүүхэлдэйн театрт гурван жил ажилласан гэнэ. Г.Ундармаа ажлын гараагаа хэрхэн эхлүүлсэн тухайгаа “Зуны амралтаар “Халтар царайт” киноны Стерлита, Тони, Санта гурав ирнэ гээд тоглолтыг нь үзэхээр аав, ээжээс мөнгө аваад ирж байлаа. Уг нь хотод гурван сар юм үзээд найзуудтайгаа амарч байгаад ир гэсэн ч мөнгөө дуусгачихсан. Аав руу залгаад би буцлаа гэхэд “Аав нь хүнд хэлээд өгье. Наанаа ажилд орчих, тэгээд хамт олонтой бол” гэсэн. Тэгж байхдаа би “АНУН” компанид тавилгын борлуулагчаар ажилд орж байсан юм. Сайн ажилласан учраас үлдэх санал авч тавилгын борлуулагч болохоор шийдсэн. Тухайн үед хошин урлагийн театрт шалгуулаад тэнцсэн. Хэдэн жил ажилласан хойноо “Шинэ үе”-д орж байлаа. Бараг 18 жил ажилласан байх шүү. 18 жил ажиллахдаа Бооёо, Хүрлээ ах, Амбий ах, Лхагваа ах, Эрдэнэзаан гээд гар нийлж ажилладаг олон хамтрагчтай болсон байна. Сая “Амьдралоги” кинон дээр Ж.Мөнхсайхантай их сайхан хосолсон. Би их сэтгэл хангалуун байгаа. Хошин урлагт ажиллах хугацаанд “АНУН” компанид давхар ажиллана. Өдрийн цагаар тавилгын дэлгүүрт ажиллаж орой нь тоглолтондоо орно. Азаар хоёр ажил маань нэг нь өглөө нэг нь орой таардаг байсан” хэмээн ярив. Тэрээр үргэлжлүүлэн “Шинэ үе”-д би олон жил ажилласан. Би өөрийн гэсэн өнгө төрхтэй, үзэл бодлоо шингээсэн уран бүтээл хийхийг хүссэн. Тэгээд ч өдий 40 гарч байгаа эмэгтэй өөрийн гэсэн дуу хоолойгоо гаргах хэрэгтэй биз дээ. Тэгж шийдээд тайз, дэлгэцийн уран бүтээл хийхээр “U film” уран бүтээлийн нэгдлээ байгуулсан юм. Түүнээс хойш дөрвөн кино хийсэн байна. “Тютю” гэх уран бүтээл маань гоо сайхан, эмэгтэй хүний тухай кино. Уран бүтээлээрээ эмэгтэй хүнийг өмөөрсөн юм. Хүмүүс ийм кино гэж юу байдаг юм гэдэг. Үнэндээ аятайхан охин ажилд ороход эрх мэдэлтэй нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол олон шүү дээ. Гэр бүлтэй эмэгтэйг эргүүлэх нь ч бий. Би энэ талаар олон сонсож байсан. Ийм сэдэв санал болгоход нь таалагдаж кино болгосон юм. Кинонд 70-80-аад оноос өдийг хүртэл гарч байгаа асуудлыг хөндсөн. Манай уран бүтээл дандаа л хэн нэгнийг хамгаалсан, бусдад урам өгөх сэдэвтэй байдаг. Ерөнхийдөө миний найзуудад үе үеийн ганц бие эмэгтэйчүүд бий. Бид нийлээд их удаан ярилцана. Би үүнийг л кино болговол гоё юм даа гэж боддог байсан. Дотроо өөрөө кино болгож төсөөлөөд үйл явдлуудыг нь бодно. Ерөнхийдөө толгойн дотроо киногоо үзчихсэн байсан хэрэг. Тэгээд л “Single ladies” гэх ганц бие эмэгтэйчүүдийн түүхийг хөгжилтэй, энгийнээр харуулсан уран бүтээл хийсэн. Кинонд гарч байгаа үг хүмүүсийн зүрх рүү орсон байна лээ. Энэ бол бидний зорилго бүтэж байгаагийн илрэл. Би өөрөө эмэгтэй хүн. 40 хүртэлх насны эмэгтэйчүүдийн бүх үеийг би туулчихсан учраас цаашдаа ч эмэгтэйчүүдийн дуу хоолой болсоор байна гэж боддог” хэмээн хууч хөөрлөө.

Хошин урлагийн тайзнаа од болон гялалздаг Г.Ундармаа нөхөртэйгөө АНУН-д ажиллаад удаагүй байхдаа танилцаж байжээ. Бид хоёр танилцаад суух шийдвэрээ их хурдан гаргаж байсан. Хуримаа хийе гэж товлоод л долоо хоноод хийчихсэн. Манай аавд очиж хэлэхэд аав тал мөнгийг нь өгье гэсэн. Дараа нь хадам аавд хэлэхэд маргаашнаас мөнгө аваад хуримдаа бэлд гэж билээ. Тэгээд л долоо хоног бэлдээд хуримаа хийчихсэн. Бид хоёр хүнсний 50-ийн хажууд 40 мянгатын нэг өрөө байранд тусдаа гарч байсан юм. Тэндээ гурван жил амьдарсан. Бид хоёр цалингаа их цуглуулдаг, хуримтлал сайтай хосууд байлаа. Хоёр талаас цалингаа аваад хадгаламжиндаа хийнэ. Мөнгө нэмэгдэх тусам баярлана. Тухайн үед гараар бичдэг хадгаламжийн дэвтэртэй. Одоо болтол хадгалчихсан байдаг шүү. Хуримтлалаараа хороололд гурван өрөө байр авч, Бээжингээс тавилгаа авч байсан. Дахиж мөнгөө цуглуулаад машин авсан гээд бодоход хоёр талаасаа ингэж босгосон амьдрал сайхан, амттай шүү” гэж ярихад нүдэнд нь нулимс цийлгэнэж харагдав. Үргэлжлүүлэн “Амьдрал учраас зовлон жар-гал их. Эмчилгээнд явах гээд мөнгөө цуглуулж зургаан жил гадагшаа эмнэлгээр явсан. Дөрвөн сар бид хоёр өдөр шөнөгүй хоёр талд ажиллана. Мөнгөө аваад л эмчилгээнд явна. Харьцангуй залуу хүмүүс гэхэд бид хоёр хоёулаа л байвал аз жаргалтай байдаг байсан. Манай охин ч бид хоёр шиг илүү юм хүсдэггүй. Миний уран бүтээл сайхан болбол бидний аз жаргал. Орой гэр рүүгээ хоёулаа яарна. Байнгын л шинэ хосууд шиг байдаг юм. Би их азтай эмэгтэй. Миний эргэн тойронд ах дүү, найз нөхөд, хань ижил, аав ээж гээд дандаа сайхан хүмүүс байдаг” хэмээн нүд нь гялалзлаа.

Г.Ундармаа гэр бүлээрээ их бахархдаг нь илт. Зургийн цомгоо эргүүлэн хөгжилтэй инээнгээ яриагаа үргэлжлүүлэн “Нөхөр маань намайг анхнаасаа хоёр ажил хийдгийг мэддэг байсан болохоор ойлгодог байсан. Би зав л гарвал хоол хийж, гэрээ цэвэрлэнэ гээд айлын эхнэр хүний хийдэг бүхнийг л хийнэ шүү дээ. Тайзан дээр нүүрээ будаж сайхан хувцаслаад их зантай хүүхэн болж тоглодог ч гэртээ хариад хувцсаа тайлж, будгаа арилган үсээ задлаад луувангаа арилгаад л эхэлнэ. Охинтойгоо цуг хоол хийх дуртай. Тийм ээ” гээд инээмсэглэн хоолоо бэлтгэж эхлэв.

Б.Бэрцэцэг охин одоо арваннэгдүгээр анги ажээ. Хичээлдээ сайн бөгөөд сагс, волейбол гээд спортоор хичээллэх дуртай. “Уг нь би багштай болгоод бүжиглүүлдэг байсан юм. Тэгсэн “Single la¬dies 1” киног хийгээд өдөр шөнөгүй завгүй явдаг байхад аавтайгаа нийлж гадаа талбай дээр сагс тоглосоор байгаад сагсчин болчихсон байсан. Аав нь урвуулчихсан байна лээ” гээд “Охин бид хоёр хувцас сонголтын тал дээр бие биетэйгээ их зөвлөлдөнө. Охиноо эмэгтэйлэг байгаасай гэж боддог. Над шиг эрэгтэйлэг болчих вий дээ. Би чинь дандаа яарч яваад сурчихсан. Хүн хувцас өмсүүлэх гэхээр өөрөө шүүрч аваад л өмсчихнө. Яаж ч ядарсан өглөө босоод явчихна. Бүр юмнаас айж цочдог зүйл байхгүй гээд мухай эрэгтэйлэг зан чанартай” гэхэд охин нь “За арай ч дээ ээж” гээд инээлдлээ. Тэрээр энэ зуур нөхөртэйгөө байнга утсаар ярих бөгөөд “Хайр аа юу хийж байна. Би ингэж байна” гэж цаг тутам ярьж эрхлэх аястай. Утсаа таслаад “Манай нөхөр намайг дандаа инээж явах юм гэдэг. Минийхээр бол эмэгтэй хүний аз жаргалтай байх өөрөөс нь л шалтгаална. Эр нөхөр нь гэртээ ирэх дуртай байхад, гэр цэвэрхэн хэрүүлгүй байх сайхан. Хэн ч гэсэн хар яр хийсэн эхнэртэй арчаагүй хүүхэдтэй бол гэртээ ирэхээс залхана. Гэр бүлийн жаргалтай байх суурь нь эмэгтэй хүн гэж боддог. Хэн хэн нь тэвчээртэй байх ёстой. Нэгэнт л айлын охиныг аваад суусан байж зовоогоод явдаг бол утгагүй асуудал. Бусад эхнэрүүдээс илүү өөрийнхөө эхнэрийг жаргаах шалтгааныг бий болгодог нөхөр байх хамгийн гоё. Тэрнээс улбаалаад түүнийг хүүхдүүд дуурайна. Миний хувьд ханьтайгаа суугаад илүү их аз жаргалыг мэдэрдэг болсон. Миний хамгийн зөв сонголт байсан. Би энэ сонголтондоо алдаагүй. Манай нөхрийн хувьд ч тийм байх. Хүн л юм чинь зовлон, жаргал тэнцүүхэн. Тэр бүрт хөтлөлцөөд гараасаа чанга атгаад явдаг. Үргэлж хажууд байж мөрөө өгч халамжилдаг нөхөртөө би хайртай” гэж яриад гэрээ танилцуулахаар бослоо.

Тэдний гэрт 100 жилийн түүхтэй улаан авдар байна. Авдар дээр хуучны зэс домбо тэргүүтнийг өржээ. Г.Ундармаа “Хөдөө ахынд очсон чинь эмээгийн авдрыг амбаартаа тавьчихсан байдаг юм. Тэгэхээр нь энэ авдар ингээд амбаарт байж байдаг юм бол би авна гээд хот руу ачуулчихсан. Одоо өвлийнхөө хувцас, хүмүүсийн өгсөн торгыг хийдэг” хэмээн яриад ажлын өрөө рүүгээ явлаа. Өрөөндөө гэр бүлийнхээ шагналуудыг цуглуулжээ. Ажиглахад өрөө болгонд нь өнгө өнгийн лаа өрөөстэй харагдана. Заримыг нь асаасан байв. Лааг сүүлийн үед ихээр цуглуулдаг болсон гэнэ. Харин хамгийн удаан цуглуулж байгаа зүйл бол сандалнууд ажээ. Тэрээр “Цуглуулдаг сандалныхаа тоог алдчихсан. Одоо манай оффисын өрөө төрөл бүрийн сандалтай болчихсон. Бас энэ дууссан тэмдэглэлийн дэвтрүүд байна. Би өдөр тутмын ажлаа бичиж төлөвлөж хийдэг учраас бүх ажлаа амжуулж чаддаг” гэв. Харин жүжигчин Г.Ундармаагийн хийж чаддаггүй ганцхан зүйл бол юм оёх ажээ. “Яаж ч хичээсэн далий оёчихно. Бүр өмдтэйгөө хамт оёчихож байгаа юм даа” гээд инээв.

Саяхан “Х-түц”-тэй хамтарч ажиллах болсон шалтгаанаа тэрээр “Гурван жил тайзан дээр гарахгүй явлаа. Хүний хийж сурсан юм. Олон жил ажилласан, дуртай ажил гэж байдаг. Тэрэн шиг бүхий л залуу нас, сэтгэл зүрхээ зориулсан хошин урлагийн тайз минь үгүйлэгдэхгүй байна гэж үгүй. Хамгийн гол нь Одноо эгч маань хамтарч ажиллах санал тавьсан юм. Надад хамгийн анх ирсэн санал байсан л даа. Тухайн үед маш их ажилтай байсан. “Амьдралоги” киноны бэлтгэл ажил эд эхэлчихсэн. Эмнэлгийн засварын ажил бас эхэлчихсэн байхад санал тавьсан. Тэгээд би амжуулна чадна гээд зэрэг гурван ажил амжуулж байлаа. Миний давуу тал олон ажлыг зэрэг амжуулах юм даа” хэмээн ярьлаа.

Тэрээр кино театруудаар гарч байгаа “Амьдралоги” киногоо гадаадад амьдардаг монголчуудад үзүүлэхээр ид ажиллаж байгаа юм билээ. Мөн нэгэн эмнэлгийн засвар хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ хавар ажлаа хийж дуусгах гэнэ. Үнэхээр Г.Ундармаа жүжигчин олон ажлыг зэрэг хийх чадвараа харуулж “U film”-ийн тав дахь уран бүтээлдээ орохоор зэхээд байгаагаа дуулгасан. Тэрээр “Би жүжигчин болно гэж багаасаа хүссэн. Энэ мэргэжилдээ хайртай учраас амархан хаячихгүй юмсан гэж боддог” хэмээн гэгээлэг сайхан бодлоо хуваалцан нэг өдрийг бидэнтэй өнгөрүүлсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН