Нуураа чи 
Хөлдөх гээд л байна уу даа 
Нугас гэдэг амьтан чинь 
Хөөрхий болно доо. Ай хө. 
Цээл юм хоолой нь. Танхим дүүрэн үзэгч. Бүүр гишгүүр дээгүүр хүртэл эгнэчихсэн. Цагаан сарын барилдаан сурвалжлаад наашаа ч гүй цаашаа ч гүй яг голд нь түгжигдчихсэн суугаад бөхийн барилдаан үзсэн юмдаг. Тэгэхэд л ингээд гишгүүр дээр сууж байгаагаа ч юманчинээ тоолгүй өндөлзөх уухайлах дүр зургийг хэдэн жилийн өмнө Монгол Бөхийн өргөөнд харж байж билээ. Тэр дурсамж нүднээ тодорно. Нэг их сурталчилгаа яваагүй хэрнээ дүүрэн л үзэгч байлаа.

Ай Дүүриймаа минь дээ

Хайрын маань сэтгэл гэдэг нь хөвөлзөөд байна даа хө. Түүний тоглолт эхлээд дуулагдсан хоёр дахь дуу Монгол Ардын дуу байв. Тэр дундаа миний хамгийн дуртай дуу болох "Дүүриймаа". Яасан ч том дуу сонгоов дээ. /бодлоо. Том амлаж байж л багаас дээгүүр байх/ Эхэн хэсэг нэг тиймэрхүү. Харин өрнөл хийгээд төгсгөл. Тэр хэн болсноо харууллаа. Би хэний тухай яриад байгаа вэ гэхээр дуучин Х.Мөнгөнцэцэг. Энэ шавилхан биетэй дуу цөөтэйдүү охиныг би анх Аса циркийн тайзны ард харж байж билээ. Болор цом наадмын үеэр Ц.Эрдэнэбаатар ах танилцуулж хол явж магадгүй охиндоо гэж хэлсэн нь тод санагдах.

Баясгалантай жигтэйхэн адил хоолойтой юм бишүү гэж өвөр зуураа шивнэлдэж асан яриаг анхны бие даасан тоглолтоороо тэр тас цохив. Хэн нэгний хашаанд гэрээ бариагүй гэдгээ тэрээр хэд хэдэн уран бүтээлээр харууллаа. Яг үнэндээ тэр дуучин гэж хүлээн зөвшөөрөгдөх гэж болсон болоогүй тоглолт хийгээгүй ч байж мэдэх юм. "Чин үнэнч л байя", "Энхрийхэн амраг минь нууцхан Энгэсэгээ сэргээх шиг минь нууцхан" гэх мөртүүд Манай Болороо эгчийнх шд гэж хамт үзэж байсан найздаа би омойтож их л додьгор маасайна. Үнэндээ л шигтгээ болсон өөрийн гэж хэлэгдэх өнгө аяс бий болгоход "Манай" Болороо эгчийн нандин эрхэмсэг шүлэг, яруу үгс утга гүн зохицож. Донж маягыг тааруулжээ.

Намайг алмайруулсан хэсэг. МУГЖ М.Найдалмаа багштайгаа "Эжий минь" дууг гайхалтай чадварлаг дуулсан хэсэг. Нэг юм цээжинд хуралдчихсан. Их тоосоооон. Их тоосон. Тэр нугалаа донж, хоолойн цээл, Би эгээтэй л уйлчихсангүй. Бүтээсэн бий болгосон багш нь бий болгосон бүтээлээ тэгж хүндэлж, өсч дэвжсэнд нь хүндэтгэл үзүүлж овоглож явдаг дуугаа өвлүүлж байна гэдэг их л том итгэлийн л илрэл болов уу? Агуу их М.Найдалмаа шүү дээ. "Эжий минь" дахин шинээр эгшиглэсэн. Энэ л юм.Найман жил бага хугацаа биш шүү дээ. Бөхийн өргөөнөөс гарч явахдаа бодлоо. Хааяа зохиолын дуучдын тоглолт үзэж байнаа гэж. Магтах гэсэнгүй тоглолт үзсэн л сэтгэгдэл төдий. Үгийг л мэдэрч ухаантай дуулаарай гэж дөрөөнд нь сүү дусаан захиж хэлсү. Ухаан нь ялангуяа ардын дууны үгийг өөр үгээр оруулах гээд болдоггүйтэй адил дууны үг гэдэг сувд шиг байдаг гэж би сэтгэдэг. Хөвөрч алдуурч болох эмзэг хийгээд хэлхээд тавьсан сувд шиг холбоотой уялдаатай шижир байдаг гэж санадаг. Үгийг нь л ухаарч тунгааж бодож ухаантай дуулаарай. Анхаарч ойлгож бодож, мэдэрч, уярч дуулаарай гэж хэлье., Яг л төрсөн нутгынхаа үзэмж төгс Гоог мэдэрсэн шигээ. Тэр л мэдэрсэн сэтгэлээр Эрээн Нуурыг дуулсан шиг ээ. Дуулахдаа нүд нь очтон гялалзаж байсан шигээ дуулсан дуу бүхнээ хүний сэтгэлд л хүргээрэй. Үнэхээр л төрсөн нутгаа мэдэрсэн чулуу бүрийг нь нэгжин өссөн хүн л тэгж "дотор"-той дуулна шүү дээ. Дуучин Т.Дэлгэрмөрөн нийтийн дуучдаас анх удаагаа дуэт сонгосон нь Х.Мөнгөнцэцэг юм гэсэн. Аль алинаар нь би бол эвлэгхэн дуулчихна гэдгээ батлахдаа их л даруухнаар мэхийн ёслож харагдсан. Сайн дуучин болоорой.

Отгонцагаан

Эх сурвалж: grandnews.mn