Өнөөдөр АН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тэд  намын дарга З.Энхболдыг уучлалт гуйхыг шаардаж, эсэргүүцэл илэрхийлсэн. Тодруулбал, Ардчилсан намын дарга З.Энхболд өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орохдоо, намыг даргад өрсөлдөж буй хүмүүсээс УИХ-ын гишүүдийг дэмж гэсэн утгатай уриалга хэлсэн нь шударга бус үйлдэл гэж тэд үзэж байна. Түүнчлэн тэд, Л.Гантөмөрийг нэр дэвшигчээс хас гэж З.Энхболд хэлсэн намын дүрмийг зөрчиж байна гэж үзжээ.

Мэдээллийн үеэр Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр: АН-ын дарга З.Энхболдын С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсныг бүрэн эхээр нь үзлээ. Ерөөсөө З.Энхболд дарга их худалч хүн юм.  Нөгөө талаас хоёр нүүртэй, зарчимгүй хүн юм байна гэдгийг өөрөө маш сайн нотолж өглөө.  АН-ыг сонгуульд ялагдахад хамгийн гол тоглогчийн нэг нь З.Энхболд өөрөө юм. Яагаад гэвэл асуудалд хоёр өөр байр сууринаас ханддаг, өөрөө их том дарангуйлагч юм.  

УИХ-ын гишүүдийн кнопыг хааж эрхийг нь зөрчдөг  өвчинтэй.  АН-ын их хурлын төлөөлөгчдийн  гаргасан  дүрэм журмыг зөрчдөг.  Сонгогчдын эрхийг, УИХ-ын гишүүдийн эрхийг зөрчдөг өвчинтэй болохоор нь Монголын ард түмэн дарангуйлагчид дургүй гээд УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулиар УИХ-ын даргаас нь буулгасан. Тэгтэл одоо АН дээр ирж  суучихаад АН-ыг ялагдуулсан буруугаа бусдаас хайдаг,  өөрийнхөө алдааг олж хардаггүй. Ийм хүн АН-ын толгой дээр суучихаад  АН-ын их хурлын төлөөлөгчдийн гаргасан шийдвэрийг  уландаа гишгээд  өөрийнхөө  тавьсан Шонхор фракцын  хэдэн нөхдүүдийг төв фракц дээр суулгачихаад, намын даргын сонгууль зохион байгуулах хороонд оруулж, тэр гар хөлөө ажиллуулаад байна.” Гэв.

Ардчилсан намын шинэ дүрмээр намын гишүүдийн бүртгэлийг нээлттэй болгоогүй, даргад нэр дэвшигчид мэтгэлцээн явуулахыг хориглосон учраас удирдлагадаа шаардлага хүргүүлж буй аж. Тэдний шаардлагыг биелүүлж, дээрх асуудлыг авч хэлэлцэхгүй бол тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдлээ.