Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч М.Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр ажлаасаа халагдаж хуулийн байгууллагад шалгагдаж жил гаруй ажилгүй явжээ. Эцэст нь гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа оржээ.

 -Та нийгмийн даатгалын байгууллагад удаан ажилласан уу?

-Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2003 онд ажилд орсноор төрийн албанд тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Түүнээс хойш 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагч, эрүүл мэндийн байцаагчаар ажилласан. Би төрийн захиргааны албан тушаалд шат, шатны ажлыг 16 дахь жилдээ үр бүтээлтэй хийж, төрийн албанд шударга, хоёргүй сэтгэлээр ажилласан гэж боддог. Салбартаа тэргүүлэн 2013 онд шилдэг ажилтан болж, жил бүрийн үр дүнгийн гэрээний биелэлтийг онц, сайн гэсэн үзүүлэлттэйгээр дүгнүүлж ирсэн.

 

-Тэгвэл ямар шалтгаанаар таныг ажлаас халсан юм бэ?

-Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар намайг ажил, албан тушаалаас минь хууль бусаар, төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халсан. Миний бие төрийн албанд чин үнэнчээр зүтгэж, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласаар ирсэн. Гэтэл намайг нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглуулах боломж олгосон, нийгмийн даатгалын санд хохирол учруулахад хүргэсэн мэтээр буруутган, Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хамгийн хүнд шийтгэлийг ногдуулж, намайг төрийн албанд 1 жил эргэж орох эргүйгээр халсан.

  

-Та дээд байгууллагад нь гомдол гаргасан биз дээ?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан. Хуульд зааснаар 30 хоногийн дотор иргэдэд өргөдлийн хариуг өгөх ёстой байдаг боловч надад хариуг өгч байгаагүй. Хэд хэдэн албан байгууллагын үүдийг сахиж, сүүлдээ надтай уулзах хүн ч олдохоо больсон.

Ер нь нам солигдох бүрт нам дагнасан бүлэглэлүүд төрийн албанд орж, төрийн албан хаагчдаар тоглодог. Төр барьж байгаа нам төрийн жинхэнэ албан хаагчдаар оролдох ёсгүй. Төрийн албыг дархлаатай болгомоор байна.

Манай байгууллага 2012 онд 53 ажилтантай байсан. Үүний 42 хүнийг халж сэлгэсэн. Үүнээс 9 хүн шүүхээр заргалдаж байж ажилдаа орсон бол бусад хүмүүс удирдлагуудаас залхаад төрийн албыг хаяад явсан. Төрийн албанд бэлтгэгдчихсэн хүмүүс маань ингээд удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж, төрд мэргэжсэн албан хаагчид маш их цөөрч байна.

  

-Та шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон есөн хүний нэг үү?

-Ажлаас үндэслэлгүй халагдахад гомдолтой байдаг юм билээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлд хандсан. Тэндээс "Та өөрийнхөө зөв гэж итгэж байгаа бол шүүхээр яв” гэж зөвлөсөн хэрэг. Би ямар ч буруугүй учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан.

 

-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?

-Анхан шатны шүүх хуралдаан 2016 оны тавдугаар сарын 6-ны өдөр болж намайг ажилд буцааж томилох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг бариад очтол "Чамайг авахгүй л гэсэн бол авахгүй” гээд халгаагаагүй. Бүр намайг Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад шалгуулна, шүүхэд өгнө гэсэн.

 

 -Ямар шалтгаанаар тэр вэ?

-Нийгмийн даатгалын хөрөнгийг бусдад ашиглуулах боломж олгож, 1 хүнээс 2.5 сая төгрөг авсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Ийм үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халсныг шүүх хууль бус гэж тогтоочихоод байхад намайг Авлигатай тэмцэх газраар шалгуулна гэж сүрдүүлсэн хэрэг. Бүр "Авлигатай тэмцэх газраас буруугүй гэсэн бичгээ авчир” гэсэн. Арга ядаад Авлигатай тэмцэх газарт хандаж надаас шаардаад байгаа бичгийг нь өгөөч гэлээ. Тэгтэл тэр байгууллага "Таныг шалгах үндэслэл байхгүй. Хэн ч гомдол гаргаагүй” гээд халгаагаагүй.

 Тэгтэл намайг шалгуулахаар цагдаад өгсөн юм билээ.

  

-Цагдаагийн байгууллагад шалгуулсан уу?

-Намайг их удаан шалгасан ч хууль бус зүйл илрүүлээгүй. Харин тэр хооронд маш их хугацаа алдсан. "Ингэж удаан шалгадаг юм уу” гэтэл "Энэ дарга нар чинь одоо шүүх хурал болох гээд таныг барьж саатуулмаар байна, ингэмээр байна, тэгмээр байна гээд л хүсэлт гаргасны дагуу шалгасан юм” гэсэн хариу надад өгсөн.

Одоо хүртэл Авлигатай тэмцэх газраас ч намайг дуудаагүй, цагдаагийн байгууллагаас ч байцаагаагүй.

 

 -Шүүх хурал болох гээд байна гэдэг нь дараагийн шатны хуралдааныг хэлж байна уу. Хэр хугацаа алдсан бэ?

-Давж заалдах шатны шүүх хуралдаан 2016 оны долдугаар сарын 18-ны өдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хяналтын шатны шүүх хуралдаан 2016 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр болсон. Ингээд гурван шатны шүүх миний талд шийдвэрээ гаргаж, намайг ажилд буцааж томилохыг даалгасан. Үнэн, зөв нь ялдаг юм байна. Монголын шүүх шударга ажилладаг юм байна лээ. Зарим хүмүүс залхаад хаяад явчихдаг шүү дээ. Яршиг яршиг, бөөн төвөг гээд ажлаасаа бүүр гараад явчихдаг. Төр засаг солигдож болно. Гэхдээ мэргэжилтэй боловсон хүчнээ тухайн албан тушаал дээр нь тавих хэрэгтэй. Олон жил ажилласан төрийн албаны туршлагатай, төрийг удирдаж явах чадавхтай, олон жил төрийн албанд шударгаар хоёргүй сэтгэж байгаа төрийн мэргэшсэн ажилтнуудаараа битгий оролдооч ээ л гэж хэлмээр байна.

 Нийгмийн даатгал гэдэг чинь маш их хариуцлагатай ажил. Төрийн төсвийн 19 хувийг бүрдүүлдэг. Энэ албан тушаалд орохын тулд төрийн албан хаагчийн шалгалт, улсын байцаагчийн шалгалт гээд өгөх ёстой бүх л шалгалтыг өгдөг.

  

-Гурван шатны шүүхийн шийдвэр гарчээ. Таныг ажилд буцааж авсан уу?

 -Ажлаасаа халагдсанаас хойш орлогын их үүсвэргүй болж байрны зээлээ төлж чадаагүй зээлийн хүүгийн хүү гээд 3 сая гаруй төгрөгийн өрөнд орсон.

 Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэдэг үндэслэлээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамандөргөдөл гаргасан. Ингээд яамнаас "Буруу шийдвэр гаргасан албан тушаалтанг ажлаас нь халлаа. Та шүүхийн шийдвэрийн дагуу буцаад ажилдаа орж болно” гэсэн хариу ирсэн.

 Миний энэ асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн яг үнэн зөвөөр, шударгаар шийдвэрлэж өгсөнд баярлалаа. Би буцаж ажилдаа орсондоо маш их баяртай байна. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалсан шүүхэд баярласнаа илэрхийлье. Бас шүүх шийдвэрээ гаргаснаар мөнгө төгрөг идсэн уусан гэх мэтээр гутаагдсан нэр төрийн минь сэргээлээ.