Өчигдөр орой гадаа гарахнээ нь салхины үзүүр өөр болчихсон нь мэдрэгдээд, хавар ханхлаад л явчих шиг болов. Өнөө өдөр ээвэр газрын цас зөөлрөөд хөлөрчихөж. Энэ яавч өвлийн дунд сар биш ээ... Өвлийн адаг сар духаж буй байх. Хаврын сар тун ойрхон ирсэн шинжтэй.
Хаврын амьсгал нэг эхэлчихвэл хичнээн цасалж, зудалсан ч эргэдэггүй гэдэг. Цас орж хүйтрэхдээ тулбал 5, 6 сард ч цасалж л байдаг, гэхдээ хаврын амьсгал хэзээ ч өөрчлөгддөггүй гэдэг дээ.
Энэ зурхайчид тоо л тоолоод байх юм. Байгал дэлхий өөрөө хавар, өвлөө ямар ч тоо тоолох хэрэггүйгээр ялгаад л хэлээд өгчихдөгсөн. Ингэхэд хавар, зун, намар, өвлөө хэзээ эхэлж байна гэдгээ тоололд биш тэнгэртээ илүү найдаж байсан уламжлал малчин монголчуудад бий. Яагаад гэвэл урь хэзээ орох, шар уруй хэзээ буух, жавар хэзээ тачигнах, хэзээ сөл тасрах нь малчдад илүү хамаатай, амин чухал учраас...
Тиймээс салхиний үзүүр эргэж хавар болох нь ямар нэгэн улсынхтай адил байх, эсэх тухай асуудалд огтхон хамаагүй баймаар.
Эсвэл, дэлхийн дулаарал, цагийн хөрзөнг дагаад энэ тэнгэрийн ааш араншин ч бас өөрчлөгдөж, хөхөө өвлөөрөө хавартай ханшилдаг болоо юу? Тэгвэл зурхайгаа л өөрчилж таарах байх даа.

Б.Наминчимэд