Ням гарагт АН-ын даргын сонгууль болно.  Харин сонгууль шударга болох нь эргэлзээтэй болоод ирлээ. Уржигдар буюу 2017-01-24-ны өдөр АН-ын дарга З.Энхболд тушаал гаргаж 2017 оны 01 сарын 06-ний өдрийн Төв нам дээрх нэг цэгийн бүртгэлийг хүчингүйд тооцохоор болсон. Үүнд М.Батчимэг, Н.Тэгшбаяр тэргүүтэй АН-ын хэсэг бүлэг гишүүд эсэргүүцэн мэдээлэл хийж байсан. Ингэснээр санал хаашаа ч эргэж болно.  Чухам ийм учраас УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Шонхор бас л удирдаж чадахгүйгээ харууллаа. Фракцаараа хариуцлага хүлээж, Шонхорт даргын  сонгуульд орох эрх ч байхгүй” хэмээн мэдэгдсэн.  

Тэгэхээр АН-ын даргын сонгуулийг будлиантуулах сонирхол Шонхор фракцийнханд илүү байгаа бололтой.  Энэхүү хардлагыг баталгаажуулах гэсэн шиг С.Эрдэнэ сүүлийн үед  бүтэхгүй санаачлага гаргаж АН-ын ахмад гишүүдийн найдлага, сэтгэл, мөрөөдлөөр тоглож байна.  Тэрбээр Ахмад настны тухай хуулийн төслийн  эцсийн хэлэлцүүлэг дутуу байхад горимын санал оруулж байгаа харагдсан. Тодруулбал ахмад партизануудад  байр олгоно гэсэн горимын  саналыг гаргасан.  Горимын санал гаргах эрх тэр хүнд бий.  Гэхдээ хэзээ ч эцсийн хэлэлцүүлэг дээр гаргасан горимын санал дэмжигдэж байгаагүй. Түүний горимын санал ахмадуудад найдлага төрүүлж  санал өгөхөд нөлөөлж байгаа хэрэг юм.

Сумтай бусад нэр дэвшигчид ч гэсэн санал авахын төлөө хуучирсан арга хэрэглэж байгаа харагдав. Ж.Батзандан намын дарга болохын төлөө залууст мөнгө тарааж байгаа сураг дуулдсан.  Зарим нь авсан гэдгээ ч нуугаагүй.  Сонгуулийн танил дүр зураг байгаа биз. Одоогоор бусад нь энэхүү ядарсан аргыг хэрэглээгүй байгаа бололтой.  

Сумтай бас ташууртай тав дунд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад  голлон үүрэг гүйцэтгэсэн хүн бий. Тэд ичихгүй өнөөдөр шударгаар өрсөлдөнө гээд  араар нь хор найруулаад явж байгааг та бид анзаарсан.

УИХ-ын сонгууль будлиантуулж чаддаг нам ийнхүү намынхаа даргын сонгуулийг будлиантуулахаар хэн ч дарга болсон нэг их өөдлөхгүй. Учир нь будлианаар гарч ирсэн намын даргыг гишүүд нь хүлээн зөвшөөрөх үү? Бодох л асуудал. Анхнаасаа маргаангүй сонгуулиа зохион байгуулж чадаагүй АН-ын даргын сонгууль будлиантах магадлал өндөр байна.  Дахин сонгууль явуулна гэж гонжирох вий дээ...