Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес мягмар гарагт Каракас хотын цэргийн эмнэлэгт өөд болсон талаар тус улсын дэд Ерөнхийлөгч Никлос Мадуро үндэсний телевизээр мэдээлжээ.

Венесуэлийн төрийн тэргүүн тэрээр 2 дугаар сарын 18-нд Кубад айлчилаад ирснийхээ  дараа буюу өнгөрсөн хоёр 7 хоногийн хугацаанд  Арвело нэртэй цэргийн эмнэлэгт эмчлүүлж байжээ.

“Орон нутгийн цагаар 16 цаг 25 минутад төрийн тэргүүн Уго Чавес хорвоог орхисон. Энэ бол манай улсад тохиож буй томоохон гарз хохирол. Венесуэлийн ард иргэд аливаад сонор сэрэмжтэй байж, эв нэгдэлтэй байх хэрэгтэй” гэж Никлос Мадуро уриалсан байна.

Уго Чавес нь Венесуэлийн төрийн тэргүүнээр тасралтгүй 14 жил ажилласан юм. Тэрээр өнгөрсөн 10 дугаар сард тус улсын Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх хугацаа нь 6 жилээр үргэлжилдэг аж.  Уго Чавесийн хувьд өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас 1 дүгээр сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоо хойшлуулсаар байсан. Харамсалтай тэрээр тангарагаа өргөж амжилгүй ийнхүү хорвоог орхижээ.

Өрнөдийн орны бодлогыг ихээхэн шүүмжилдэг Венесуэлийн төрийн тэргүүн тэрээр 2011 оны нэгдүгээр сард хорт хавдартай болсон тухайгаа анх удаа мэдэгдэж байжээ. Түүнээс хойш тэрбээр дөрвөн удаагийн мэс засалд орж, химийн эмчилгээ хийлгэсэн байна.


С.Отгонбаяр