Сүхбаатар аймагт 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш Ардын нам хууль бусаар  засаглаж, ИТХ-ыг хуралдуулахгүй, 2017 оны төсөв, үндсэн чиглэлийг ч батлуулаагүй байна.  Түүнчлэн цагаан сар болох гэж байхад зарим байгууллага  нь цалингүй, иргэд зээлээ төлж чадахгүй, хууль бус халаа сэлгээ газар авч, энэ нутгийнхны  бухимдал   дээд цэгтээ хүрчээ. Энэ асуудлаар  тус аймгийн АН-ын гишүүд одоогоос нэг сарын өмнө нийслэлд  ирж Ерөнхийлөгчид хандаж, хэвлэлийн бага хурал хийлгэн  олон нийтэд  мэдээлээд буцаж байв.

Тэгвэл түүнээс  нэг сарын дараа буюу  өчигдөр аймгийн төвдөө хуулийг гууль болгосон МАН-ыг эсэргүүцэж  “ХАМТДАА ЭСЭРГҮҮЦЬЕ”  эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, улс төрийн суултыг эхлүүлнэ гэдгээ  нэлээд хэдэн хоногийн өмнөөс зарлаад байсан юм. Гэтэл  Ардын намынхан  арга заль хэрэглэж, цуглааныг таслан зогсоожээ. Тодруулбал,  Ардын намын дарга,  хууль бусаар  аймгийн Засаг даргын  албыг хашиж буй З.Энхтөр  малын шүлхий өвчин гарсан гэдгээр шалтаглан, Онцгой байдал зарлах захирамж гаргаж, хурал, цуглаан, жагсаал хийхийг хориглосноор иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчин, олон нийтийн  дуу хоолойг боомилсон байна.

Иймд  Сүхбаатар аймгийн АН, иргэд, сонгогчдын   зүгээс хийхээр бэлтгэсэн эсэргүүцлийн цуглаан болсонгүй. Хэрэв цуглаан болсон бол 3-4 мянган хүн оролцох байжээ. Түүнчлэн  Дарьганга суманд болсон ИТХ-ын дахин сонгуульд АН-аас нэр дэвшиж,  МАН-аас өрсөлдсөн З.Энхтөрийг саналын  илт давуугаар ялсан П.Мөнхжаргалын эрхийг  батламжлахгүй байгаад бухимдсан Дарьганга сумын иргэд,  тойргийн сонгогчид ирж  хамтран  жагсаал хийх, шаардлага хүргүүлэх саналаа ирүүлээд  байсан байна.

Сүхбаатар аймагт өнгөрсөн жилүүдэд  малын шүлхий өвчин  байнга гарч байсан. Өмнөх Засгийн газрын үед  шүлхий гарсан сумд, тухайн нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, иргэдэд хүндрэлгүй зохион байгуулж ирсэн. Энэ удаа Ардын намынхан өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, цуглааныг шүлхий өвчнөөр бамбай хийн онц байдал зарласнаар халхавчлан ийнхүү зогсоосон байна. Шүлхийн хорио цээрийн дэглэм тодорхой хугацааны дараа дуусах нь ойлгомжтой. Харин Ардын намын намчирхал, талцал, хууль зөрчсөн үйлдлийн эсэргүүцсэн   иргэдийн тэмцэл, жагсаал, цуглаан улам идэвхжиж, хурц байдалд шилжнэ гэдгийг орон нутгийн иргэд ярьж байна.