Манай улс авилгаар дэлхийд 2 дугаарт орж гэнэ. Энэ ч яахав, “ойлгомжтой” асуудал. Энэ “Transparency International” чинь манайд арав гаруй жил судалгаа хийж байгаа газар ш дээ.

Манай авилга сүүлийн хэдэн жил дэлхийд 50-60 дугаар хавьцаа байнга явдаг байсан юмсан. Гэв гэнэт дэлхийн №2-оор “шаачихдаг” байна ш дээ. Манайхан үүнийг огт анзаарахгүй байна. Тэхээр олон улсын судалгаанд “нэг учир” байна. Энэ тухай өгүүлсү…

Авилгын судалгаа

Юуны өмнө миний 2009 оны 3 дугаар сарын 23-нд бичсэн “Авилгачид авилгатай тэмцэх нь” өгүүллийг дахин нэг уншихийг зөвлөж байна. Одоо ч миний блогт байгаа энэ өгүүлэлд хамаг юмыг он сар өдөртэй нь биччихсэн байгаа.

Барууныхан 1992 оноос эхлэн манайд авилгын судалгаа эхэлсэн юм. Түүнээс хойш авилгын судалгаа хийсэн тоо, оролцсон хүн байгууллага, зарцуулсан мөнгө хөрөнгийг тооцоолох гэвэл ёстой дэмий ажил болно. Мань мэт нь нэг хэсэг тоолж байснаа сүүлдээ залхаад бүдүүн багцааг нь хааяа харж явдаг юм.

Ингээд ерөнхийдөө жил болгон авилгын индекс гаргадаг болж, бас энд дурдан буй “Transparency International”-тэй холбоо тогтоож мэдээлэл гаргадаг болсон юм. Одоо бол авилгын индексийг Авилгатай Тэмцэх Газар өөрөө гаргадаг юм.

Төслийг нэр нь их гоё оо. “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” гэдэг юм.

Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд авилгын судалгааны чанар гэж авах юм байхгүй. Мэддэг боловсон хүчин гэж бараг байхгүй юм чинь аргагүй шүү дээ. Судалгаа жаахан гадарладаг ганц нэг хүн байвч олон улсын судалгааны арга зүйг өөрчилж, зөрчиж болохгүй гэсэн хачин тэнэг зарчмаар хандана.

Өвчин туссан юм шиг авилгынхаа хэмжээг бууруулна. Том авилгыг бүр тас нууна. Тэхээр худлаа судалгаа хийнэ гэсэн үг. Олон жилийн турш шүү дээ. Энд манайхан буруутай ч гадаадынхан хамгийн их буруутай. Үүнийг би хэлээд хэлээд дийлээгүй, хэрэлдээд хэрэлдээд яаж ч чадаагүй. Яагаад гэвэл ардчиллыг “сайхан” харагдуулах ёстой.

Ажиглаж олсон зүй тогтол

Миний ажигласнаар бол барууныхан манайхыг 1990-ээд оны дундаас 2000 оны дунд хүртэл авилгын асуудлаар нэлээд сайн шахаж байсан нь анзаарагддаг юм. Ямар сайндаа АНУ-ын элчин сайд У.Дингер УИХ-ын гишүүдийн өмнө “Монголд авилга ихээхэн газар авч байгаа” гэдгийг улаан цайм хэлж байхав. Энэ чинь 2002 он, Н.Энхбаярын үе л дээ.

АНУ-аар ингэж шахуулж байж 2002 онд “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлав. Гэхдээ хуульгүй хөтөлбөр батлахаар чинь тэмцэхгүй л гэсэн хэрэг байлаа. Хуулийг нь 2006 онд буюу нийтдээ 12 жил унжиж байж арай гэж дуртай дургүй баталсан юм.

Энэ үед явуулж байсан миний хийсэн болон миний оролцсон бүх судалгаагаар Монголын авилга цаг ямагт дэлхийд №1 байсан, байсаар ирсэн.

Түүнээс хойш намайг авилгын судалгаанд огт оролцуулахаа байсан юм. Мэдээж ш дээ, ардчиллаараа дэлхийд гайхуулах гэж байхад чинь авилгаар дэлхийд нэгд гаргаад байгаа судлаачийг зайлуулах л хэрэгтэй.

Би заримдаа ингэж боддог юм: Барууныханд Монголын ардчиллыг дэлхийн үлгэр жишээ болгон харуулах улс төрийн бодит шалтгаан байсан. Гэтэл авилга цэцэглээд байдаг. Тэгэхлээр Монголын ардчиллыг “сайхан” харагдуулахын тулд “муухай” харагдуулж байгаа авилгыг нь нэлээд их дарж харагдуулах хэрэгтэй. Судалгааны “дансны” аргаар үүнийг хийнэ. Тэд яг ингэж бодсон байх.

Ингээд төр засгийн оролцсон, гадаадын оролцоот бүх төрлийн судалгаа бодит байдлаас ихээхэн зөрөөтэй, авилгыг илт бууруулан гаргах болов. Ийм дүгнэлтийг хов хоосон хүн хийдэггүй юм. Би бусад судалгаа хийх явцдаа үүнийг ямагт шалгаж байсан, надад судалгааны хангалттай өгөгдөхүүн байгаа учраас ингэж ярьж байна.

Олон улсын судалгаа монгол судлаачийн судалгаанаас мундаг байдаг гэж хэн ч нотлоогүй.

2007 оны 9 сар гэхэд л АНУ манайд 6,5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд үүний 1,8 саяыг нь авилгатайгаа тэмц гээд Сангийн сайд Н.Баяртсайханд хүлээлгэн өгсөн билээ. Дээрээс нь НҮБХХ-өөс “Үндэсний шударга ёсны тогтолцоог өргөжүүлэх” нэрээр 180.000 ам.доллар аваад авилгатай тэмцээд тэр жилд нь дуусгачихсан. Ийм маягаар барууныхан манайд авилгатай тэмцэхэд асар их хөрөнгө мөнгө зарцуулсан юм. Зүгээр л элсэнд ус асгасан юм…

Одоо яав…

Монголын авилга нэлээд их ч харьцангуй “тогтвортой”, сүүлийн үед буурч байснаа гэнэт суга өсөв. Жил жилийн судалгаагаар тэр. Дөнгөж ноднинхон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын авилга нэг жилийн дотор 10 гаруй байраар ухарлаа” гэж сүржигнэж байсан юмсан. Гэтэл буцаж өсөөд, өсөх өсөхдөө 40-50 байраар суга өсөв. Ганцхан жилийн дотор шүү дээ.

Би Н.Алтанхуягт таагүй ханддаг нэгэн. Гэлээ гэхдээ муу муухай хандлаа гэхэд Н.Алтанхуяг гарч ирээд авилгыг 50 байраар ахиулчихсан гэж би яасан ч итгэхгүй. Монголын авилгачид “ид шидтэй” ч гэсэн улсынхаа авилгыг хойш урагш нь 40-50 байраар нэг жилийн дотор хөдөлгөж яагаад ч чадахгүй.

Энд ямар нэг “дансны юм” байгаа нь илт байна. Шууд хэлбэл судалгаанд, судалгааны арга зүйд, олон улсын хандлагад байна. Олон улсын судалгаанд итгэх юм, итгэхгүй юм гэж буй. Тэнэг царайлчихаад гадаадын судлаач гээд үхчих гээд байх хэрэг байхгүй л байхгүй юу. Анхнаасаа авилгаа зөв тооцож байсан бол ийм балай юм болохгүй ш дээ…

Монголын авилга гэв гэнэт өссөн энэ судалгааг бол таамаглаж болно л доо. Нэгдэх таамаг: гадаадын татвар төлөгчид мөнгөнийхөө зарцуулалт, үр дүнг нэхэж байна. Та нар Монголын авилгыг арилгана гэж арав гаруй жил санаанд багтамгүй их мөнгө зарлаа. Үр дүн нь одоо хаана байна гэж асуугаа биз.

Хариу нь: Монголчууд ёстой заяагүй хогнууд юм, угаасаа, төрөлхийн авилгачин улсуудыг чинь яаж ч болдоггүй юм байна. Харахгүй юу, бид төсөл хэрэгжүүлээд жаахан гайгүй болж байтал ахиад л нөгөө авилгаа аваад эхэллээ…

Хоёр дахь таамаг: Монголын эрх баригчид дургүй хүргээд байгаа учраас авилгын индексийг нь “нэмж” дэлхий дахинд “муу муухайг” нь харуулж байна. Одоо бол: Монголын ямар ч засаг төр ямар ч үг хэлсэн өөдөөс нь: Хараач, Та нар, энэ Монголыг. Эд нар бол энэ дэлхийн хамгийн их авилгачин улс. Тэдний нэг ч үгэнд итгэх хэрэггүй. Еэ еэ бөөвөө…

Асуулт: Бид муу нэрээ арилгаж авилгаа багасгахын тулд яах ёстой вэ ?

Хариу нь: Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтад сайн хөнгөлөлт үзүүл, тэгвэл авилга чинь буурна…

“Transparency International”-ийн судалгааны арга зүй ихээхэн эргэлзээтэй, хэт субъектив гэдгийг би сайн мэднэ. Бас үүнийг нотолж чадна. Тэдний судалгаагаар Монголын авилгын рейтинг 10 орчим байраар дээш доош болдгийг би бас мэднэ.

Харин Монгол Улс дэлхийн хэмжээний ашигт малтмалын ордоо ашиглах гэрээ хэлэлцээр ид хийж буй үед Монгол Улсыг хамгийн их авилгач улсаар зарласан нь “Transparency International” өөрөө олон улсын олигархи бүлэглэлийн нөлөөнд оржээ гэсэн гарцаагүй дүгнэлт хийхэд хүргэж байна. Үүнийг бол олон улсын “авилгын өвөрмөц хэлбэр” гэж нэрлэж бүрэн болно.

Барууныхан Оюу Толгойн асуудлаар Монгол Улсыг шууд болон шууд бус дарамт, шахалтад оруулж байна гэж би хардаж байна. Хэрэв ингээд байвал манайхан улам л гүрдийх хэрэгтэй ш дээ…

Тэгээгүй юм бол “Transparency International” Монголд явуулсан судалгааныхаа эх өгөгдөхүүнийг ил тод үзүүлэх ёстой.Түүнийг чинь Монголын судлаачид шалгах эрхтэй.

Би Монгол Улс авилгадаа идэгдсэн гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Манай эрх баригчид улаан цайм авилгачид гэдгийг ч би хүлээн зөвшөөрнө. Би Монголын авилгыг “Transparency International”-ээс ч илүү үзэн яддаг ч судалгаагаар ингэж дураараа “өсгөж бууруулахыг” эсэргүүцэж байна.

Монгол дахь авилгаар далимдуулж Монгол Улстай тэгш бус гэрээ хэлэлцээр хийх, Монгол Улсыг нэр хүндээр нь барьцаалж шулан мөлжих гэвэл би Та нарыг хуцваа л гэнэ.

Яагаад гэвэл надад “Transparency International”-ээр заалгаад байх юу ч байхгүй. Яагаад гэвэл би Монголын төлөө судалдаг Монгол Судлаач…

 

Холбоотой нийтлэл:

Авилгачид авилгатай тэмцэх нь

 

Судлаач Х.Д.Ганхуяг