Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк нь ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна.

Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хамтран ажиллах гэрээнд заасан үүргийнхээ дагуу ипотекийн 8 хувийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх юм.

Орон сууцны ипотекийн зээлийн шинэ журам батлагдсанаас хойш Монголбанк зээлийн санхүүжилтэд 111.8 тэрбум төгрөг олгож, 1646 иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлээд байна.