Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулдаг видеомейкэрүүд болон хамтлаг, дуучдын оны шилдэг клипийг шалгаруулах “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам 11 дүгээр сарын 29-нд Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдахаар боллоо.

“Mongolian music” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион явуулсаар ирсэн тус наадам сүүлийн нэг жил завсардаад байсан юм. Харин энэ жилээс эхлэн “UBS MUSIC” хөгжмийн телевиз “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” нэртэйгээр оюуны өмчийн эрхийн дагуу анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Энэ оны байдлаар уран бүтээлчид 150 гаруй клип бүтээсэн байна. Тэдгээрээс хамтлаг, дуучид хийгээд видео бүтээгчид өөрсдийн саналын дагуу номинацид өөрсдийн бүтээлээ нэр дэвшүүлж байгаа гэдгийг хөгжмийн телевизийнхэн мэдээллэсэн.

Наадмын бас нэг онцлог нь шагналын сан өндөр байх гэнэ. Энэ жил нийт 15 онцгой номинацид хамтлаг, дуучдын 2013 онд гаргасан видео клипүүдийг өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулах юм байна. Мөн “Оны шилдэг клип” номинацийн эзнийг хамгийн өндөр шагнал хүлээж байгаа ажээ.

Ийнхүү Монголын клипний ертөнцийн түүхэнд шинэ хуудас болон үлдэх “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам рок поп урлагийн оддыг нэгэн дээвэр дор ёслол төгөлдөр урьж, шинэ үеийн хөгжмийн урлагийн  видео клипний шилдгүүдийг тодруулах нээ.

Наадам уламжлал болсон улаан хивсний ёслолоор эхэлж, шагнал гардуулах ёслол, монголын шилдэг хамтлаг, дуучдын зөвхөн энэ наадамд зориулсан шинэлэг тоглолт гээд цогц арга хэмжээг үзэгчдэд толилуулах юм. Мэдээж үзэгчдийг байлдан дагуулсан клипний эзэд энэ наадмын хамгийн хүндтэй зочид байх нь дамжиггүй ээ.

Монголын видео урлагт хэн хамгийн шилдэг болохыг тодруулах “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмыг хүлээх л үлдлээ.