Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны (МХөгЗХ) Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу 2017 оны 02 сарын 1-10 хооронд “Морин хуур” наадамд оролцох гишүүдийг бүртгэж дууслаа. Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, нийгмийн сэтгэлгээнээс үүдэн “Эх орны сэдэв”-тэй дуунууд энэ удаагийн наадамд зонхилж байна. Жишээлбэл:

  • Хаан Чингисийн нутаг
  • Тэнгэр сүлдтэй Монгол
  • Хайрлах эх орон Монгол
  • Миний Монгол
  • Дэлгэр хаан уул минь
  • Ерөөлөөр амлуулсан эх орон
  • Нар хурайлсан Монгол
  • Зүрхэн нутаг
  • Намайг эрхлүүлсэн эх орон

Энэ утгаараа уран бүтээлчдийн сэтгэлгээ нь ард түмний толь мөн гэдгийг энэ удаагийн Морин хуур наадам илтгэнээ.

  • Наадмын хамгийн өндөр настай оролцогч нь Ардын жүжигчин, ахмад хөгжмийн зохиолч П. Хаянхярваа,
  • хамгийн бага насны оролцогч нь ХБК-ын 2-р курсын оюутан Ш. Сугарцэрэн
  • хамгийн олон жил тасралтгүй оролцсон оролцогчоор 30 жил дараалан амжилттай оролцож байгаа УГЗ, хөгжмийн зохиолч Д. Баттөмөр, тэрээр 1991 онд “Бодлын цагаан хун” бүтээлээрээ тэргүүн байрыг авч байсан,
  • хамгийн олон түрүү шагнал авсан оролцогчоор 1992 онд “Орхон түшээ мөрөн, 1996 онд “Эзэн заяа”, 2000 онд “Эрхлэхийн заяатай хорвоо” бүтээлүүдээрээ 3 удаагийн түрүү шагнал хүртсэн УГЗ, хөгжмийн зохиолч Б. Бямбабаяр,
  • 2005 онд “Элгэн заяа”, 2013 онд “Хаадын зарлигтай Монгол нутаг” дуугаараа тэргүүн байр хүртсэн УГЗ, ая зохиолч Д. Цэцэрлэг,
  • 2006 онд “Ээжээ” жүжгийн дуу, 2009 онд “Бөхөн шарын нуруу” дуугаараа тэргүүн байр хүртсэн УГЗ, хөгжмийн зохиолч Т. Сэр-Од,
  • 2003 онд “Бурханаас илгээсэн хайр” дуугаараа тэргүүн байр хүртсэн МУСТА, хөгжмийн зохиолч Т. Ганболд
  • 2010 онд “Ижий дэлхийн өчил” дуугаараа тэргүүн байр хүртсэн МУСТА, хөгжмийн зохиолч Б. Мөнхжаргал,
  • 2014 онд “Ижий гөрөөс” дуугаараа тэргүүн байр хүртсэн УГЖ, ая зохиогч Н. Чулуунхүү
  • Мэргэжлийн хөгжмийн урлагт хүч түрэн орж ирсэн олон улсын уралдааны шагналт, “Алтан намар” хөгжмийн наадмын шилдэг уран бүтээлийн хошой шагналт Ш. Өлзийбаяр нар “Морин хуур–2016” наадамд шинэ уран бүтээлүүдээрээ амжилттай оролцлоо.

   Энэ удаагийн наадамд Морин хуур наадмын Гран При шагналтай 8 уран бүтээлч оролцсон нь тус наадмыг улам сонирхолтой болгов. Наадмын сонирхолтой оролцогчоор ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн дэд проф. Доктор, дуучин Гүнсэнгийн Улаансарнай. Тэрээр 2010 оны Гран При шагналт хөгжмийн зохиолч Б. Мөнхжаргалын “Амар амгалан” дууг дуулсан юм. Мөн поп хадагтай, УГЖ, дуучин Б. Сарантуяа, УГЖ, БУАЖ, дуучин Д. Долгормаа, У.Далантай, ДБЭТ-ын гоцлол дуучин Б. Анхбаяр нар энэ жилийн “Морин хуур” наадмын тайзнаа дуулж олны сэтгэлийг баясгав.

   Хөдөө орон нутгаас Говь-Алтай аймгийн Цээл сумын дуу хөгжмийн багш Ч. Хүрлээ морин хуур наадамд оролцохоор жил бүрийн 1 сард Улаанбаатарт ирж сар хиртэй амьдардаг гэсэн. Орон нутгийн салбар зөвлөлийн оролцогчдоос Баянхонгор, Ховд, Эрдэнэт, Бага-Нуур, Дорнод, Дундговь аймгуудаас бүртгүүлэв. Баянхонгор болон Бага-Нуур дахь салбар зөвлөлийн тэргүүн нар энэ удаагийн наадамд оролцлоо. Энэ жилийн “Морин хуур” наадмыг БСШУСЯ-наас дэмжиж сайдын шилжин явах цом, шагналын зардлын төсөв 4 сая төгрөгийг батлаж наадмын үйл ажиллагаанд зориулж 1 сая төгрөг олгохоор болов. МҮОНТ уламжлал ёсоор “Морин хуур” наадмын Гран При шагналд зориулсан “Мастер морин хуур” -аа гардуулах бөгөөд энэ жилийн морин хуурын бас нэг онцлог нь Морин хуур наадамд зориулсан  хуурын өнгө нь тоглоочийн хөгжмийн зэмсгээс ялгамжтай байх тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ жилийн мастер морин хуурыг МУУГЗ, “Эгшиглэн Магнай” ХХК үндэсний хөгжмийн үйлдвэрийн эзэн, хөгжим урлаач П. Байгалжав урлаж байна.

   Наадмын 30 жилийн ойд зориулсан логоог “Хос Хас Принт” ХХК зурж, наадмын загвар, хэвлэлтийг Фото Крафт ХХК бэлтгэж дуусгав. Мэдээллийн ивээн тэтгэгчээр “Гэрэл” медиа групп, мөн ТВ болон ФМ-ээр танилцуулагдах олон нийтийн ажилд МҮОНТ, Эх орон ТВ, Нүүдэлчин ТВ, Шинэ долгион 107,5, шинэ Монгол 101,7 болон Монголын Радио хамтран ажиллаж байна. Дэмжигч байгууллагаар МУ-ын Филармонийн симфони найрал хөгжим, Хөгжим Бүжгийн Коллеж, Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо ажиллана.

    2016 оны шилдэг дууны бүтээлийг шалгаруулах наадмын зохион байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Наадмын “Гала” тоглолт 2017 оны 02 сарын 23-ны Пүрэв гарагийн 19:00 цагт ДБЭТ-д болох бөгөөд тоглолтыг Монголын радио, МҮОНТ, Эх орон ТВ бичнэ. Наадмын хаалтын үйл ажиллагаанд БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь, Соёл, Урлагийн Бодлогын Газрын дарга Н. Болд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, Урлагийн Газрын дарга Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн ерөнхий захирал  Л.Нинжжамц, МХөгЗХ-ны ерөнхийлөгч Х.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс оролцоно.

Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны
наадмын зохион байгуулах комисс