“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын төв байрны алба хаагчид явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

 Гудамж талбайд үйлдэгдэх хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох чиглэлээр цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.

 Сар шинэ нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхэлсэн бөгөөд энэ хугацаанд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41, согтуугийн дуудлага 51 хувиар буурсан байна. Цагаан сарын баяр дөхсөн энэ үед иргэдийн баяртаа зориулж бэлтгэсэн базаасан тавгийн идээ, бууз, баншийг хулгайлах хэргүүд гардаг. Тиймээс иргэд баяртаа бэлтгэсэн идээ, шүүсээ найдвартай газар хадгалах, гэр орноо эзэнгүй орхиж явах үедээ хажуу айлдаа захиж үлдээх, цоож, түгжээгээ чангатгах зэргээр анхаарах шаардлагатай. Цагдаагийн эргүүл, хүн хүчийг гэр хороолол, гудамж руу голчлон гаргаж байна.

Мөн нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчил гардаг, олноор үйлдэгдэх магадлалтай эмзэг цэгүүдийг тогтоон Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хяналтын камер суурилуулан гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлж байна.

 Иргэд өөрсдийн өмч хөрөнгөө найдвартай хамгаалах, хөршийн холбоог идэвхжүүлж, мэдээ, мэдээлэл солилцож, сэжигтэй зүйл илэрвэл нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэн хамтарч ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн баярын үеэр архи, согтууруулах ундааг зохистой, зөв тохируулан хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Иргэд та бүхнийгээ уламжлалт баяраа архи, согтууруулах ундаагүй тэмдэглэхийг уриалж байна.