Өнөөдөр Сангийн яам, Олон улсын валютын сан хамтран мэдээлэл хийлээ.  Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн: "Монгол Улсын Сангийн Яам, Монголбанк нь ОУВС-ийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллалаа. ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрлээ" гэв.

Б.Чойжилсүрэн сайд "Валютын Сантай хийсэн хэлэлцээр тийм амар хялбар байсангүй" гэдгийг онцолсон юм.

6-7 орчим төрлийн татварыг нэмэгдүүлнэ
"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татварыг 2018 оноос тус бүр 1 хувь нэмэгдүүлнэ. Шатахуун, архи, тамхины зэрэг онцгой татвар  зэрэг 6-7 орчим төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болжээ.

Мөн урт хугацаандаа тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ОУВС-тай тохиролцоонд хүрсэн байна.

Нийгмийн халамжуудын хувьд олон давхцалт нийгмийн халамжийг танахаар тохирчээ.

Хүүхдийн мөнгөний хувьд гэхэд одоо өгч байгаа нийт хүүхдийн 60 хувийг 40 болгон бууруулах шийдэлд хүрсэн байна. Гэхдээ хасагдаж байгаа 20 хувьд ногдох төсвийг ядуу өрхүүдэд хоолны талон олгох тал дээр ярилцаж тохиролцсон байна.

ОУВС: Монголын арилжааны банкнуудын нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагатай болоод байна
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд 2017 оны төсөвт тодотгол оруулах хэрэгтэй болж байна.

Хоёрдугаарт, Монголын арилжааны банкнуудын нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагатай болоод байгаа талаар ОУВС-ийн төлөөлөгчид онцоллоо.

"Төсвийн бодлогыг цэгцлэхийн тулд Хөгжлийн Банкны тухай хууль батлагдсан нь нэг гол зүйл юм.

Монголбанкны хувьд дан мөнгөний бодлогоо барьж ажиллана. Төсөвтэй адилтгах өөр хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх болно. Монголбанкны хувьд мөнгөний хатуу бодлого баримтлуулах тал дээр тохиролцоонд хүрсэн" тухай ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай ярилаа.