Сар шинийн баяраар цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжиж үүрэг гүйцэтгэнэ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэх талаар мэдээлэл өгнө үү?  

-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар арвандолоодугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин ажиллахаар болсон. Цагдаагийн алба хаагчид сар шинийн баярыг гэмт хэрэг зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ. Битүүний өдөр төв Гандантэгчинлэн хийд болон нийслэлийн хүрээний 41 хийд, дацангийн хурал, уншлагын үеэр нийтийн хэв журам сахиулах, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ.

-Шинийн нэгний өглөө нар харах ёслолын үеэр цагдаагийн байгууллагаас ямар зохицуулалт хийх вэ?

-Иргэд шинийн нэгний өглөөний нар харах ёслол хийдэг 19 газар байдаг юм байна. Эдгээр газарт цагдаагийн алба хаагчид нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, түгжрэл бий болохоос сэргийлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

-Сар шинэ нэгдсэн арга хэмжээ баярын өдрүүдэд ч үргэлжлэх үү?

-“Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ үргэлжилнэ. Энэ арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газруудад хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллуулж байна. Мөн гэмт хэрэг олноор үйлдэгддэг газруудыг тогтоон хөдөлгөөнт болон суурин камер байршуулж хяналт тавин ажиллаж байгаа нь энэ жил авч хэрэгжүүлж буй нэгэн онцлог ажил болж байна.

-Орон нутгийн замд ямар хяналт тавьж байгаа вэ?

-Энэ өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Орон нутгийн замд хурд хэмжигч байрлуулж, хөдөлгөөнт пост ажиллаж байна. Ер нь хяналтыг нэлээн чангатгана. “Бага хэмжээний уусан, архи уусан” гээд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг иргэддээ дахин анхааруулъя. Хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалж яваагаа жолоо барьж буй хүн ухамсарлах хэрэгтэй. Мөн хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн суудлаас илүү зорчигч тээвэрлэх, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх шаардлагатай. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарч байсан. Орон нутгийн замд 80 км/ц хурдтай явахыг зөвшөөрдөг. Хурдны дэд хязгаараас давахгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хүн, ачаа тээш хэтрүүлэн тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

-Цагдаагийн байгууллагаас иргэдэд ямар сэрэмжлүүлэг хүргэх вэ?

-Иргэддээ анхааруулж хэлэх хэдэн зүйл байна. Шинийн нэгний өдөр хотын захын хорооллууд руу чиглэсэн хөдөлгөөний нягтрал бий болдог. Энэ үеэр тодорхой чиглэлийг нэг урсгалд оруулах, явуулын тэмдэг тэмдэглэгээ хийх зэргээр аль болох зохиомол түгжрэл бий болгохгүй байх зорилгоор зохицуулалт хийнэ. Ийм тохиолдолд иргэд маань Замын цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг хүсье. Түүнчлэн ахуйн ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулъя. Иргэд маань гэр орноо эзэнгүй орхиж явах тохиолдолд хөршдөө захих, хаалга, цонхны бэхэлгээгээ сайжруулж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэргээс өөрөөс шалтгаалах зүйлсээ хийх хэрэгтэй.

-Өндөржүүлсэн бэлэн байдал хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 26-ны 09:00 цагаас гуравдугаар сарын 2-ны 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид, нэмэлтээр ХСИС-ийн сонсогчид, Олон нийтийн цагдаагийн ажилтнууд ажиллаж байна. Камерын болон биет эргүүлийн хяналттай байх бүх боломжийг судалж, хэрэг зөрчлөөс сэргийлэх боломжит бүх арга хэмжээг авч байна. Иргэдээ замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй, элдэв хэрэг зөрчилгүйгээр сайхан баярлахыг хүсэж байна.