Өнөөдөр сар шинийн битүүний өдөр. Битүүний өдөр гэдэг нь  тухайн жилийн хамгийн сүүлийн өдөр. Тиймээс энэ өдөр цээрлэх ёс нэлээд бий. Тухайлбал, энэ  өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчлэнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тонтоож буй хэрэг гэж үздэг ажээ.

Мөн энэ өдөр нохой зодохыг цээрлэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгавал  чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.  Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Ингэвэл чөтгөр хорлоно хэмээдэг. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ. Гэр орондоо хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр, улс орон амар тайван бус байх бөлгөө хэмээн цээрлэдэг заншилтай юм байна.