Энэ  сарын 21-нд  Хөгжлийн банкинд 5.75 хувийн хүүтэй, 580 сая ам.долларын бондын төлбөрөө хийх хуваарьтай. Тиймээс энэ  сард төлбөр төлөх нөхцөлтэй Хөгжлийн банкны евро бондыг эзэмшиж байгаа одоогийн хөрөнгө оруулагчдад Засгийн газрын шинэ бондоор солих саналыг Монголын талаас тавьсан. Засгийн газраас гаргаж байгаа уг бондыг  "Хуралдай" гэж нэрлээд байгаа бөгөөд  бондын хүүг 8.75 хувь байхаар санал тавиад байгаа. Харин  хугацааг долоон жил байхаар тохироод байгаа.  “Хуралдай” бондын андеррайтераар “Credit suisse”, “JP Morgan” ажиллажээ.

Хуралдай бонд гаргах гэж байгаатай холбоотойгоор Сангийн яамнаас хоёр ажлын хэсэг гаргаад байгаа бөгөөд нэгийг нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалж байгаа.  Тэрбээр  “Хуралдай” бондын асуудлыг  Засгийн газраар хэлэлцүүлж дэмжлэг авсан.  Өнөөдөр төсвийн  тодотгол өргөн баригдаж байгаа. Тиймээс уг асуудлыг  ээлжит бус чуулганаар төсвийн тодотголтой хамтатган хэлэлцэх юм.

Сангийн яамны баг, андеррайтер компаниуд бондын "roadshow" буюу хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг энэ өдрүүдэд хийж байна. Анх 2012 онд Хөгжлийн банк таван жилийн хугацаатай Засгийн газрын баталгаатай Евро бондыг 5.75 хувийн хүүтэй гаргаж байсан. Улсын зээлжих зэрэглэл буурсан энэ үед илүү урт хугацаатай бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа гэдэг утгаараа хүү 8.75 хувь байна. Хугацаа уртсах тусам хүүгийн түвшин өндөр байдаг. Өнгөрсөн оны эхээр Монгол Улс олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бонд гаргаж байсан. Тухайн үед таван жилийн хугацаатай Засгийн газрын бондыг 10.875 хувийн хүүтэй гаргаж байсан юм. Хөгжлийн банкны бондыг эзэмшигч хөрөнгө оруулагчдад шинэ бондоор солих саналыг хоёрдугаар сарын 20-нд тавьсан. Хөрөнгө оруулагчдаас солих эсэх саналын хариуг энэ сарын нэгний өдөх хүртэл авсан.  Бондын хэлцэл өчигдөр албан ёсоор дуусгавар болсон.  Шинэ “Хуралдай” бонд хөрөнгө оруулагчдадаа энэ сарын 9-нд албан ёсоор олгогдох юм байна.  Тиймээс өдгөө саналууд нэгтгэгдсэн хэлбэрээр төсвийн тодотголд туссан байгаа.

Монгол Улсын Хөгжлийн банк 475.989.000 ам.долларыг солилцооны шугамаар босгож байна. Энэ нь Хөгжлийн банкны 580 сая евро бондын 82.5 хувийг төлөх дүн бөгөөд автоматаар бондын төлөлтөд явах юм. Мөн Монгол Улсын Засгийн газар 124.011.000 бонд шинээр босгожээ. Өөрөөр хэлбэл, уг бонд бэлэн мөнгөөр манайд орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр “Хуралдай” бондын нийт дүн 600 сая ам.долларт хүрч байна. 
 

Тиймээс төсвийн тодотголыг өргөн барьсны дараагаар энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэх болно.