Бондын мөнгийг хувьдаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг сар шинийн өмнө Авлигатай тэмцэх газраас баривчилан түр саатуулсан билээ. 

Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа бол  УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавина хэмээн Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй юм.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг суллажээ. Учир нь түүнийг сэжигтнээр тооцон цагдан хорих хугацаа дууссан байна. Харин Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргасан байна. Прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр болжээ.