Сангийн сайд Б.Чойжилсүрэн нэгэн ярилцлагандаа “Ний нуугүй хэлэхэд Засгийн газрын өмнө намаа бодох уу, улсаа бодох уу гэдэг хоёр сонголт байлаа. Улсаа нэгдүгээрт бодоод, намаа хоёрдугаарт тавьсан. Улс байхгүй бол намын хэрэг бий бил үү.

Тийм учраас улсын эрх ашгийг нэгдүгээрт тавихаас өөр арга байгаагүй. Би ч мөн ялгаагүй УИХ-ын 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлээд явж байхдаа олон сайхан зүйлийг ард түмэндээ амласан. Гэхдээ эдийн засгийг сэргээхийн тулд, түрүүчийн хүмүүсийн бий болгосон алдааг засахын тулд зарчмын томоохон арга хэмжээ авахаас өөр арга алга” хэмээн мэдэгдсэнд зарим хүмүүс эгдүүцэж “гавьяат”-д хүртэл тодорхойлоод амжлаа. Үнэндээ төсвийн алдагдлыг бууруулах замаар хэмнэлт хийх боломж байсан. Гэвч УИХ 2016, 2017 оны улсын төсвийг батлахдаа зайлшгүй зардал, хэрэггүй урсгал зардлуудаа бууруулаагүй, дотооддоо өөрсдөө хийж чадах хэмнэлтээ хийгээгүй байж татвар нэмж, иргэдийн ачааг нэмж байгаа нь энэ Засгийн хийсэн ганц гавьяа нь болж байна.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагыг бий болгоод байгаа. Гагцхүү тэдний тавьсан шаардлагыг ард иргэддээ хүнд тусахгүйгээр зохицуулах нь эрх баригчдын гүйцэтгэх үүрэг. Тиймдээ ч Сангийн сайд Б.Чойжилсүрэн улс орноо нэгт, намаа хоёрт тавин байж татвар нэмсэнээ учирласан. Гэвч нам нь өөрсдийн эрх ашгаа тэргүүнд, улс орноо хоёрт тавьж, уруудахын цондон болж мэдэхээр дүр зураг харагдаад ирлээ.

 

Угтаа УИХ энэ гурван сардаа багтаагаад 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулаад баталчихвал Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголын асуудлыг шийдэх боломжтой. Харин МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахгүй байх шийдвэрт хүрсэн нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас татгалзахаар шийдсэн үү гэх хардлагыг ч дагуулж эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Тодруулж хэлбэл, УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн татвартай холбогдох төслүүдийг хэлэлцэн баталсны дараа Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж, өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдэх ёстой юм. ОУВС-гаас өгсөн эцсийн хугацаа энэ сарын 31-ний өдөр учир ээлжит бус чуулган зарлагдахыг хүлээж буй.

 

Гэвч МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн мягмар гаригт хуралдах үеэрээ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахгүй байх шийдвэрт хүрчээ. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын 5-наас нааш УИХ хуралдахгүй болж байна. Өөрөөр хэлбэл УИХ 2017 оны төсвийн төслийг хэлэлцээгүй цагт Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах асуудал ч хойшлогдох магадлал өндөр байна.  

Үргэлжлэлийг эндээс