Үзэсгэлэн худалдаагаараа чанартай бүтээгдэхүүн зараач ээ

Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар саяхан болж өндөрлөлөө. Эдийн засаг хямарчихаад байгаа, ард түмэн ядуу байна гээд л байдаг. Гэхдээ ганц уламжлалт баяраа хүн бүр эрвийх дэрвийхээрээ л аятайхан тэмдэглэж өнгөрүүлсэн байх. Тэгж ч харагдсан. Нөгөө талаас монголчууд жил ирэх тусам үндэсний гэсэн бүхнээ бага багаар сэргээж, ач холбогдол өгч эхэллээ. Дээл хувцсаа ч их сайхан өмсдөг болж. Цаашлаад хэвийн боов гэлтгүй ааруул, цагаан идээгээр таваг засдаг боллоо. Үүнийгээ дагаад цагаан идээний үнэ л сар шинийн үеэр илт өсч байна. Малчид ч цагаан идээгээ үнэтэй зардаг болчихсон.

Ченжүүд нь бүр ч илүү нэмнэ. Ингээд л үнэ нь тэнгэрт хадна даа. Ганц таваг засах ааруул 100-200 мянга, түүнээс үнэтэй байх жишээтэй. Ерөөс иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бүхнийг авахыг хүсдэг ч үнэ нь тэнгэрт тулчихсан. Ядаж байхад чанар муутай, хуурч мэхлэх хүмүүс ч их.

Цагаан сарын өмнө хаа сайгүй л үзэсгэлэн худалдаа гарсан. Үнэ өртөг нь хямдраад л сүртэй гэж. Гэтэл үзэсгэлэн худалдаанд оролцож, цагаан идээ зарсан хүмүүс иргэдийг хөөрхөн дөнгөчихсөн байна. Тодруулбал, нэг танил маань үзэсгэлэн худалдаанаас ааруул авч, таваг засчээ. Ааруулаа авахдаа сүрхий амсч үзээд, аятайхан болохоор нь худалдаж авсан юм билээ.

Тэгээд цагаан сараар тавгаа засчихаад, дараа нь хураагаад идээд үзтэл бөөн гурил. Юун амсч үзсэн ааруул. Огт өөр байсан байгаа юм. Яг ийм жишээ хэд хэд гарсан талаар эргэн тойрныхон ярьж байна.

Ийм байж болох уу даа. Хамгийн гол нь үзэсгэлэн худалдаанаас авсан ааруул шүү дээ. Юу гэхээр, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа хүмүүс нь бас шалгуур тавих хэрэгтэй. Ганцхан үнэ хямдтай, тэгээд үндэсний үйлдвэрлэгч гээд л хэнийг ч хамаагүй оруулаад байж болохгүй шүү дээ. Гол нь чанартай, сайн бүтээгдэхүүнийг боломжийн үнээр зарж байна уу гэдэг дээр бас шалгуур тавьж байх ёстой.

 

Үргэлжлэлийг эндээс