АН-ын дарга С.Эрдэнэ болсноор намын бүхий л  үйл ажиллагааг “зоосны нүхээр” харж байгаа бололтой. Тодруулбал АН-ын дотоод сонгуулийг тэр чигээр нь гишүүдээсээ, нэр дэвшигчдээсээ мөнгө салгах арга хэрэгсэл болгосон байх юм. Тухайлбал, АН-ын гишүүн дотоод сонгуульд оролцохын тулд 2017 оны гишүүнчлэлийн татвар болох 1200 төгрөг төлж, саналын эрхээ нээлгэх ёстой.

Харин  АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Нийслэлийн намын дарга, аймгийн намын дарга,  дүүргийн намын дарга, сумын намын хорооны дарга,  нийслэлийн намын хорооны  дарга, аймгийн намын хорооны дарга, дүүргийн намын хорооны дарга, сумын намын хорооны даргад нэр дэвшигч 12 000 - 90 000 000 төгрөгийн хураамж төлөх ёстой.  

Үүнээс гадна нэр дэвшигч нь дэнчинтэй байх ёстой.

 Эндээс үзэхэд Нийслэлийн намын даргад нэр дэвших нөхөр хамгийн багадаа намдаа 91 500 000  төгрөг төлөх нь байна. Тухайн нэр дэвшигч унасан ч, ялсан ч тухайн мөнгө АН-ын л мөнгө болно. 

Үүнийгээ АН бүх нийтэд нээлттэй гэдэг үгээр халхавч хийж гишүүдээсээ мөнгө татаж байна. Үүнээс дүгнэхэд АН-ынхан нэг бол модоо барьсан, нэг бол хэсэг бүлгээрээ баяжих санаа агуулж байгаа бололтой юм. Тиймдээ ч дараах мэдэгдлийг өнөөдөр гаргажээ.

Санхүү олон нийтэд ил байна гэж мэдэгдэж байгаа ч санхүүгийн тайланг олон нийтэд зориулсан болон зориулаагүй гэж хоёр янзаар гаргаж болдог болсон цаг. Намын даргын гаргасан АН-ын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийг бүрхэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Улмаар шаардлага хүргүүлж шаардлагадаа Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол нь Ардчилсан намын VII Их хурлаас баталсан Үндсэн дүрмийн дараах заалтуудыг ноцтой зөрчиж байгааг зүйл заалтаар нь тайлбарласан харагдана лээ.

380 суудлын төлөө  ингэж мөнгө татаж байгаа нь мөнгөтэй нэгэнд нь  боломж, харин бор зүрхээрээ явж байгаа  нэгнийг нь боомилсон  хэрэг гэдэг нь хэнд ч тодорхой.  Суудлаа ч, гүйдлээ ч олж чадахгүй  АН-ынхны  мөнгөөр  380  суудлыг худалдаж байгаа энэ жишиг Монголын улс төрд битгий тогтоосой ...