Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан. Улмаар "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага,  “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”  Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас  гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг хангаж, Монгол Улсын Засгийн газар 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2017 онд зохион байгуулах хурдан морины Хаврын болон Зуны уралдааны товыг баталсан тогтоолын Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн. Мөн Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр товлосон зохион байгуулах үйл ажиллагааг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд зогсоохоор шийдвэрлэсэн. 

Гэсэн ч өнөөдөр Хөвсгөл болон Говь-Алтай аймагт хурдан морины уралдаан болох төлөвтэй байсан. Тиймээс Монголын морин спорт, уяадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Говь-Алтай аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комисст хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд өнөөдөр болох морин уралдааны тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. 

Гэвч салбарын сайд, Монголын морин спорт, уяадын холбооны нарийн бичгийн даргын мэдэгдлийг Говь-Алтай аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс хүлээн авсангүй. Уралдааныг хийж байна.