Та бүхэнд чихэнд чимэгтэй сайхан мэдээ дуулгая. Монголын Буудлага Спортын холбоо олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой, ISSF-ийн стандарт хангасан Буудлагын төвтэй болоход тун ойртжээ. Энэхүү төв ашиглалтад орсоноор Монголын буудлага спорт шинэ түвшинд хүрэх, хөгжлийн том алхам хийж чадлаа. 

Монгол Улсын хэмжээнд бэлтгэл сургуулилт хийх зориулалтын ганцхан тийр 1989 онд баригдсан байдаг. ТСТ-ийг тухайн үеийн Ардчилсан Герман улсаас буу зэвсэг, тоног, төхөөрөмж бэлэглэсний үндсэн дээр Намын төв хорооны шийдвэр гарч, Барилгын цэргийн ангиуд барьсан байдаг.Улмаар энэхүү тийр нь сүүлийн жилүүдэд хувийн өмч үү, улсын өмч үү гэдэг нь тодорхойгүй, тамирчдын бэлтгэл сургуулилт тун төвөгтэй байдалд байгаа тухай чих дэлсдэг байсан юм.  

Батлан Хамгаалах яамны “Алдар” спорт хорооны “Аварга” буудлагын клуб 2010 онд нээгдэж, улмаар 2016 онд 50 метрийн ганц тийртэй болсон байдаг. Одоог хүртэл Үндэсний шигшээ багийн ихэнх тамирчид болон 200 орчим сонирхогчид МУ-ын Гавъяат дасгалжуулагч О.Ундралбатын удирдлага дор энэхүү клубт бэлтгэл сургуулилтаа хэдэн ээлжээр хийсээр байгаа юм.

Монголын Буудлага Спортын холбооны тамирчид өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн бэлтгэл сургуулилт хийх зориулалтын тийргүй байсан бэрхшээл ийнхүү ард хоцорход цөөхөн хоног үлджээ. Өөрийн гэсэн, бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл спортод хичнээн чухал билээ. Ганцхан жишээ хэлэхэд Жудо бөхийн холбоо Спортын ордны “Б” заалыг эзэмшсэнээс хойш “Алтан үе” нь эхэлсэн. Үүнтэй адил Хөнгөн атлетикийн холбоо мөн “Б” зааланд бэлтгэл хийдэг байхдаа улсын олон рекордуудыг тогтоож одоо ч зарим нэг нь эвдэгдээгүй байна. Газрын теннис ч “Б” заалтай “Алтан үе”-ээ үдсэн. Чөлөөтийнхөн “Б” заалыг түрүүлээд авчихсан бол мөн л цойлох байсан тухай бид бишгүй ярьдаг. Ганцхан спорт заал ямар чухал нөлөөтэйг үүнээс харж болно. Тэгвэл бууны гох дарах бүрт мөнгө урсдаг, хувцас хэрэглэл, бэлтгэлийн зардал, тоног төхөрөөмж нь тэнгэрт тулсан үнэтэй Буудлагын спортынхон маань олон улсын шаардлага хангасан тийртэй болох нь ямар ач холбогдолтойг та бүхэн хэлүүлэлтгүй гадарлах бизээ.

Энэхүү Буудлагын төв нь 10, 25, 50 метрийн гурван тийр, орчин үеийн тоног төхөрөөмж, тамирчдын амрах орчин, хувцас солих өрөө, шүршүүр, тохилог буфет, зэвсгийн агуулах, албан контор, багш нарын өрөө гээд дутах зүйлгүй төлөвлөгдөж.  Үндэсний шигшээ багийн тамирчид олон улсын стандарт хангасан орчинд байнгын бэлтгэл сургуулилтаа хийх, олон улсын тэмцээн уралдааныг бүх төрлөөр зэрэг зохион байгуулах, буудлагын спортод хөл тавьж буй хүүхдүүд тав тухтай орчинд  хичээллэх бүрэн боломж нээгдсэнээр дараа дараачийн олимпын аваргууд чухам энэхүү Буудлагын төвөөс төрөн гарах нь дамжиггүй юм. 

Дашрамд хэлэхэд энэхүү Буудлагын төв нь ямар нэг хөнгөлөлттэй зээл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар баригдаагүй юм байна. Уг барилга байгууламжийг МБСХ-ын Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир хувийн хөрөнгөөрөө барьж холбоондоо хүлээлгэн өгч байгаа ажээ. Энэ сайхан мэдээг тус холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очирын өөрийнх нь амнаас сонсохыг хүссэн боловч тэрбээр албан үүргийнхээ дагуу Турк улсын Стамбул хотод байгаад эзгүй байж таарлаа.  Харин МБСХ-ны дотоодын тэмцээн уралдаан хариуцсан мэргэжилтэн Д.Батсуурь бидэнд барилгын явцын талаар мэдээлэл өглөө.