Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр тохиодог билээ. Тэгвэл энэ өдрийн босгон дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчинг сайжруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх, аж ахуй эрхлэгчдэд хууль сурталчлан таниулах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх ажээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар богино хугацаанд ажиллахдаа тус байгууллагыг олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бодлогын түвшинд бэхжүүлж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр-2”-ыг санаачлан боловсруулж, үүрэн телефон, барилга, цахилгаан эрчим хүч, СӨХ, орон сууцны конторууд, ломбард, даатгалын компаниудын иргэд хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэйгээр авч байсан юм.