2016 оны 09-р сарын 6-7-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, долоон настай Т аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд амьсгал хураасан. Хүүг цахилгаанд цохиулсан гэж үзэж байсан ч гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагын мөрдөн шалгаж эхлэхэд талийгаач хүүгийн эцэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Ц-тэй шууд холбоотой болсон. Тодруулбал  хүүгийн эцэг Ц нь 1992 онд төрсөн С гэгчтэй хувийн дотно харилцаатай байсан. С нь Ц-г гэр бүлээс нь салгах зорилгоор тус суманд оршин суугч Б-д мөнгө амлаж, захиалгаар хүүг хөнөөлгөсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн Б нь 1998 онд төрсөн, 18 настай, өнгөрсөн жил арван жилийн сургууль төгсөөд, тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. Тэрээр 2016 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу хоёр удаагийн хулгайн хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хоёр жилийн тэнсэнтэй байсан аж.

 Талийгаачийн аавтай нь дэр нэгтгэх зорилгоор  хүүг хөнөөх захиалга өгсөн Сэлэнгэд Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Барсболдод Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж 2017-02-14-ны өдөр шүүхэд шилжүүлжээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.  

 

Хүүг алах захиалга өгсөн Сэлэнгэд төлөвлөөд байгаа Эрүүгийн хуулийн зүйл анги нь  91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах тухай байгаа. Тодруулбал,

91.2.3 Хүнийг өс хонзонгоор

91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж  хүн алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заажээ.

 

Харин хүүг гардан хөнөөсөн Барсболдод байгаа Эрүүгийн хуулийн зүйл анги нь 145 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгийг хулгайлах, 91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах тухай байгаа. Тодруулбал,

91.2.4 Хүнийг захиалгаар;

91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж  хүн алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заажээ.

Мөн 145.2.Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

 Хэрвээ шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн дээр дурдсан зүйл ангиудаар яллах юм. Бид шүүх хурлын тов болон энэ хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх талаар эргэж мэдээлэх болно.