Гуравдугаар сарын 18-19 шилжих шөнө ОУХМ Э.Цэндбаатар ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгдсэн ирсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг сэхээний тасгаас гаргаж тархи, гавлын мэс заслын тасагт шилжүүлээд байна. Түүний биеийн байдлын талаар ГССҮТ-ийн эмч болон  гэр бүлийнхэн нь мэдээлэл өгөөгүй байна.

Хэрэг гардаг өдөр Э.Цэндбаатар  бусадтай маргалдан, нэгэн иргэнийг зодсон ажээ. Улмаар зодуулсан хүн болон түүний найзуудаас зугтаж явсан байна. ОУХМ Э.Цэндбаатарын хойноос хөөж байхад эргүүлийн цагдаа таарсан тул цэнгээний газарт болсон явдлыг хэлж байхад тэрбээр машинд мөргүүлсэн аж.  Яг ийм агуулга бүхий өргөдөл цагдаагийн байгууллагад иржээ.  Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж эхлээд байгаа аж.

Э.Цэндбаатарын мөргүүлсэн хэргийг хэв журмын цагдаа бус замын цагдаад осол болсон хэмээн бүртгэгдсэн байна. Тиймээс прокурорын байгууллагаас харьяалал тогтоож иргэнээс ирсэн өргөдлийг уг хэрэгтэй нэгтгэн  Баянгол дүүргийн цагдаагийн хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм байна.  

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  хэрэг гардаг өдөр шигшээ багийн зургаан тамирчин  Д.Батсүрэнгийн Монгол улсын гавьяат дасгалжуулагч болсны найрыг тараад цэнгээний газраар үйлчлүүлж явсан нь энэ аж.