Чингэлтэй дүүргийн 4-р хороо Засгийн газрын 11-р байрны хоёр давхар буюу Сонгуулийн Ерөнхий хороонд гал гарсан талаар бид шуурхай мэдээлсэн. 

Энэ талаарх мэдээлэл өчигдөр 13:15 цагт Онцгой байдлын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад ирсэн байна.  Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход тус байрны хоёрдугаар давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсанд шуурхай ажиллаж, гал түймрийг унтраасан байна. Түүнчлэн тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж, утаажилтын бүсээс гаргаж ажилласан юм.

Гал тус байрны 2-р давхарт байрлах “Лифтчин” гэсэн хаягтай өрөөнд цахилгааны залгуур утаснаас богино холболт үүсч ширээний тавцан болон, загвар тодорхойгүй /21”/ инчийн зурагт хайлж шатсан байна.  Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа юм байна.