Монгол Улсын Эрүүл мэндийн салбар жилээс жилд хөгжиж, эмч нар нь чадваржиж, нэг үеэ бодвол техник, тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл сайжирч байгаа. Олон хүнд хагалгааг эх орондоо хийдэг болчихлоо. Нэгэн үе хагалгаа л хийлгэх хэрэг болбол гадаад руу явдаг байсан цаг ард хоцорч. Энэ байдлаар анагаах ухаан хөгжөөд ирвэл хэдхэн жилийн дараа бид ямар ч хагалгаа хийлгэх гэж гадагшаа явахааргүй болох болов уу.

Гэхдээ эрүүл мэндийн салбар тэр чигтээ сайхан болчихсон юм байхгүй. Улаанбаатар хотын бүхий л эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больчихсон. Төрөөс энэ салбарт мөнгө төгрөг ахиухан өгчихгүй луу унжих маягтай л байгаа. Гэхдээ улсаараа хямарчихаад байхад яалтай билээ. Тэр дундаа А.Цогцэцэг гэдэг хүн сайд болсноос хойш энэ мэт асуудал гарч байна. Эх нялхас дээр үр хүүхдээ үзүүлэх гээд очихоор улсаас мөнгө орж ирээгүй болохоор материал байхгүй, тийм ч юм хийж болохгүй байна, дараа ир гэх жишээний. Ядаж байхад эрүүл мэндийн салбарт сэтгэлгүй, биеийн амар харсан эмч, сувилагч, ажилтан маш их болчихсон. Энэ л хамгийн том асуудал болоод байгаа шүү дээ. Мөнгө биш сэтгэл.

Дээрээс нь хайхрамж муутай, иргэдтэй мал шиг харьцдаг. Тэр дундаа улсын эмнэлгийнхэн ачааллаа дийлэхгүй байна гэдгээр шалтаг барьж, үхэх гэж байгаа хүнийг л хүлээж авдаг нь үнэн. Түргэн дуудахад, 40-өөс дээш давж халуурч байвал л очно гэдэг. Үгүй бол эмнэлэгтээ очоод, дараалал, дугаараа аваад үйлчлүүл гэдэг. Дундхан халуураад, эмнэлгийн гадаа үзүүлэх дугаараа хүлээж сууж байгаад унаад өгвөл гайхаад байх юм алга. Тэгсэн мөртлөө эмч нар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдээ загнаад л. Монголчууд шинжилгээ өгдөггүй, өвчнөө хамгийн хүнд үед оруулаад, үхэхийнхээ өмнө л ирдэг энэ тэр гэж цэцэрхэнэ. Угаасаа эмнэлгийн үйлчилгээг үхэх дөхсөн хүнд л үзүүлж байхад өөр яах юм.

Тэгээд эмч нарын хайхрамжгүй үйлдлүүд жил ирэх тусам янз бүрээр гарч байна. Бүр хэрээс хэтэрсэн гэхэд болно. Дөнгөж төрсөн нярайг ширээн дээрээс унагаах, халуун усаар шалзалж түлэх, намчирхаж байгаад амиар нь “тоглох” гээд жишээ олныг дурьдаж болно. Хамгийн сүүлд гэхэд амиа алдсан нярайн цогцсыг эцэг, эхэд нь солиод өгчихсөн байгаа юм. Эх нялхас ямар их ачаалалтай, хүн ихтэй байдгийг мэднэ л дээ. Эмч, сувлиагч нар нь ч гэсэн ачаалалтай ажилладаг байх. Гэхдээ л энэ чинь нас барсан хоёр хүүхдийн цогцсыг солиод өгчихнө гэж байх уу. Тийм хариуцлагагүй байж болохгүй ээ.

Зарим нь яасан сүржин юм гэж магадгүй. Энэ үйлдэл чинь олон зүйлийг хэлж байгаа юм. Магадгүй шинэ төрсөн хүүхдүүдийг хооронд нь солиод өгчихгүй гэх газаргүй л байгаа биз дээ. Ер нь бол эмч, сувилагч гэдэг тун хариуцлагатай ажил. Алдах эрх байхгүй. Ямар ч ачаалалтай байсан гэсэн өвчтөний төлөө гэсэн сэтгэлтэй, эмчлэх, эдгээхийн хүсэлтэй байх ёстой биз дээ. Гэтэл “солиод өгчихөж” гээд хээв нэг хэлээд сууж байдаг эмч, сувилагч байгаа нь юуг өгүүлээд байна. Эмнэлэг нь гял цал, тоног төхөөрөмж нь сүүлийн үеийнх байж болно. Анагаах салбар хөгжиж байж ч болно л доо.

Гэхдээ эмч нар нь хөгжихгүй, сэтгэл нь сайхан болохгүй, өвчттэй мал шиг харьцаж, хайхрамжгүй ханддаг бол яаж энэ салбар өөдөө дээшээ явах юм бэ. Энэ бүхэнд жаахан анхаарал хандуулна байгаа, А.Цогцэцэг сайд аа.  Эрүүл мэндийн салбарт гардаг хайхрамжгүй, тоомжиргүй байдлаас бол хүний амь эрсдэж, янз бүрийн эрсдэл гэрч байгааг л болиулах цаг болсон гэж хэлэх гээд байна.

Эх сурвалж:mminfo.mn