УИХ-ын хаврын ээлжит чуулган эхлэхээс урьтан Засгийн газар ОУВС-гийн “даалгасан” ёсоор Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /Төсвийн тодотгол/ хуулийн төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын даргад өргөн барилаа.

Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.1 их наяд буюу ДНБ-ийн 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8.7 их наяд буюу ДНБ-ийн 33.7 хувьтай байхаар тооцжээ. Ингэснээр төсвийн алдагдал 2.7 их наяд буюу ДНБ-ийн 10.6 хувьтай тэнцэхээр байгаа аж.
2017 оны төсвийн тодотголд орлогыг тогтворжуулах нэмэгдүүлэхэд дараах зургаан арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.Мэдээж ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд эхний ээлжинд Архи тамхины Онцгой албан татвар /ОАТ/, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, Автобензин, Дизельтүлшний татварыг хуульд заасан хэмжээнд нэмэгдүүлэх, Суудлын автомашины ОАТ-ыг нэмэгдүүлэх, Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх гэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Харин зарлагаа бууруулахын тулд Эм эмнэлгийн хэрэгслийн үр ашгийг дээшлүүлснээр 10-15 хувийн хэмнэлт гаргах, Тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 2026 оноос 65 настай гарна /жилд 6 сараар тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ/, Эмэгтэйчүүд 2036 он хүртэл тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлнэ /2037 оноос 65 насандаа тэтгэвэрт гарна/, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ /хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аян, атрын III аян хэрэгжүүлнэ/, Төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, одоо авч буй цалинг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй /эдийн засаг тогтворжоод ирэхээр цалин нэмнэ/, Тэтгэвэрт хязгаарлалт тогтоогоогүй, Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлж, 40 хувийг нь хоолны талон хэлбэрээр олгох талаар тооцоолол хийгээд байгаа юм. Мөн зарим хуулийг буцаах санаачилга ч бий. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар төсвийн орлогыг жилдээ 50 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр заалт орсныг түдгэлзүүлэх шаардлага үүсээд байгаа. Эдгээрийг нь УИХ-ын зарим гишүүн, улстөрч, эдийн засагчид иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлж байна хэмээж үзэж байгаа ч цаад утгаараа бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, санхүүгийн эрх чөлөөгөө “боомилуулах”-ыг хүсэхгүй байгаатай нь холбоотой болж таараад байгаа юм.
Төсвийн тодотголд 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэж байгаа нь өндөр гэхээс аргагүй. Гэхдээ энэ өмнө нь манай улс Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк, Концессийн, Хөгжлийн банкны, бондын гээд таван төсөвтэй байсан. Үүнийг нь одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайдын “суудлаа” өгсний дараа ярьж, толгой сэгсэрч байсан нь ч саяхан.
Тиймдээ ч энэ удаа төсвийг сайжруулахын төлөө цэгцэлж Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй болсон нь ийн их хэмжээний алдагдалтай харагдаж байгаа хэрэг.
Харин ийн нэг төсөвтэй, дээрээс нь “гар чанга”-тай ОУВС-гийн хараат байна гэдэг ахиухан мөнгө, хөрөнгөтэй үедээ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн төсвийн мөнгийг гарын салаагаар цацаж суудаг улстөрчдийн хувьд таагүй мэдрэмж байх нь ч аргагүй. Тэгээд ч өнгөрсөн удаагийн сонгуулиар намдаа ахиухан мөнгө хандивлаж нэр дэвшин, санамсаргүйгээр саарал ордонд тухлах болсон эрхмүүдийн хувьд шархаа нөхөх сонирхол хамгаас түрүүнд байгаа биз. Ямартай ч дуншаад биеллээ олоогүй ээлжит бусын сураг замхарч хуулийн дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт хуралдах нь тодорхой боллоо. Харин 65-ын бүлэг төсвийн тодотголыг хэрхэх бол. Гулсуулах уу, гоншигнож, гонгиноод чөдөр тушаа тавих болов уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байгаа.
Уг нь ямар ч тохиолдолд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй л бол манай улс цаашид улам бүр хүнд байдал орно гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлчихсэн. Тэрбээр “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй. 2020 оны сонгуульд эргээд муу нөлөөтэй учраас МАН-ын зарим гишүүн эсрэг байр суурьтай байгаа гэх дэл сул мэдээлэл сонссон. ОУВС-ийн хөтөлбөрт орохгүйгээр цаашаа явах гээд үз л дээ. Бидэнд үнэхээр гарц байхгүй шүү дээ. Монгол Улсаа нэгт тавих уу, намын бодлогоо нэгт тавих уу гэдэг асуудал. Сангийн сайд саяхан өгсөн ярилцлагадаа их тодорхой ярьсан байна билээ. Төрийн ажлаа нэгт тавьсан, намаа хоёрдугаарт тавьсан гэж. Эдийн засгийг эрүүлжүүлэх чиглэлрүү, санхүүгийн сахилга батыг сайжруулах, хавтгайрсан халамж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх, нийгмийн даатгал тэтгэврийн тогтолцоог зөв шийдэх тал руу явъя гэвэл ОУВС-аас тавигдаж байгаа шаардлагуудад төсөв эдийн засгийн бодлогоо нийцүүлж явах нь чухал.Гэхдээ ОУВС-ийн шаардлагуудыг хэрэгжүүллээ гэхэд нийтлэг масс, ердийн иргэдийн амьдралд хүндээр тусаад, хүнд байдалд орчих юм шиг ойлгож болохгүй. Их олон татвар нэмэгдэх юм байна, мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй юм байна гэсэн мэдээлэл яваад байгаа юм. Мэдээж тодорхой төрлийн татварыг нэмэгдүүлэх, тэтгэврийн сантай холбоотой саналууд байгаа.Төсвийн тодотгол хэлэлцээд явахад аяандаа бүх зүйл ард иргэдэд ил тод, тодорхой болоод явна. Эдийн засаг ийм хүнд байгаа нөхцөлд зарим асуудал дээр гарцаагүй ингээд явах боллоо гэвэл ард иргэдэд үнэн цагаанаар хэлнэ. Бид ОУВС-тай ярилцсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явна, намын мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлнэ. Хамгийн гол нь намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд гарна. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах боллоо гэсэн сигналыг дэлхийд өгснөөс хойш эдийн засаг яаж тогтворжиж байна, валютын ханш яаж тогтворжиж байна, гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага яаж өөрчлөгдөж байна гэдэг нь ажиглагдаж байна.” хэмээн ярьсан. Тэрбээр ОУВС-гийн хөтөлбөр хамрагдах нь зайлшгүйг хэлээд, энэ нь ч үр өгөөжтэй гэдгийг тайлбарлаж байна.
Түүний хувьд эдийн засагч, засагт сангийн гал тогоог хариуцаж байсны хувиар тайлбарласан нь мэдээж. Харин түүний ард бүхэл бүтэн УИХ дахь МАН-ын буюу 65-ын бүлэг байгаа. Тэд хэрхэх бол. Үнэхээр улсаа нэгт тавих болов уу. Эсвэл төрд шургалахад зарцуулсан “төсвөө” буцаан олох болов уу.
Түүгээр ч зогсохгүй “Өрийг өрөөр төллөө” хэмээн мэдэгдээд байгаа АН-ынхан ямар байр сууринаас хандах бол. УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй боловч толгой намаас нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж байгааг их гоочилж байгаа.
Нэгэнтээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй болсон нь тодорхой гэдгийг дорвитой эдийн засагчид болон засгийн сан хөмрөгийг атгаж буй сайд нь ч хэлээд байгаа энэ үед бол ядаж л 65-ын бүлгийхэн Ерөнхий сайд болон Сангийн сайддаа итгэл үзүүлэн жолоог нь атгуулах нь зөв шийдэл баймаарсан. Ядаж л дээрх хөтөлбөрт хамрагдах сургаар л хөрөнгө оруулагчдын анхаарал манай улсыг чиглэж, бас ч үгүй зээлжих зэрэглэл ч эргэж дээшлэх магадлал буйг олон хүн хэлээд байгаа шүү дээ.