Энэ удаагийн “Mobile news”-ээр Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтөй холбогдож “Ах дүү гурав “Андгай” хэмээх тоглолтоо хийнэ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Монголын рок, поп урлагт хэдийнээ өөрсдийн байр суурийг эзэлсэн гурван шилдэг уран бүтээлчид хамтран “Мөнх хөх тэнгэр мину” хэмээх цомгоо өнгөрсөн жил гаргасан нь сонсогч түмнийг байлдан дагуулсаар байгаа билээ.

 Ийнхүү түүнтэй холбогдож хамтарсан тоглолтын талаархи мэдээллийн тодруултал “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нар хамтран “Андгай” хэмээх тоглолтоо цэрэг эрсийн баярыг тохиолдуулан энэ сарын 18-нд “Улаанбаатар” ресторанд хийхээр болжээ. Тус тоглолт нь “Мөнх хөх тэнгэр мину” хэмээх цомгийн нээлт болж байгаагаараа онцлог бөгөөд тус цомогт орсон “Монголын нууц товчоо” , “Монгол нутаг мину”, “Монгол ээж” зэрэг гайхалтай уран бүтээлүүдээс гадна гурван уран бүтээлчдийн хит болсон уран бүтээлүүд эгшиглэх гэнэ.

Дашрамд дуулгахад тус тоглолтын үеэр хүмүүн бүрийн мөнхийн дуулал “Маамуу нааш ир” дууг зохиосон Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав азтай нэг үзэгчийг сугалаагаар шалгаруулж хосоороо Шанхай явах эрхийн бичгийг гардуулахын зэрэгцээ тус азтай үзэгчид цомог болон тоглолтын хувцасыг гардуулах гэнэ.

“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш